УИХ дахь Байнгын хороодын гишүүд намрын чуулганы тайлан дүгнэлтээ танилцууллаа
126 гишүүнтэй анхны Парламент намрын ээлжит чуулганаа өнгөрөгч 7 хоногт хаасан. Тэгвэл намрын чуулганы нийт хугацаанд бие даасан 8 хууль, мөн хуульд өөрчлөлт оруулах тухай 29 хуулийн төсөл, 52 хууль, УИХ-ын 57 тогтоолыг тус тус хэлэлцэн баталжээ. Намрын чуулган өндөрлөсөнтэй холбоотойгоор УИХ дахь Байнгын хороод тайлан дүгнэлтээ танилцууллаа.

Энэ намрын чуулганы хугацаанд дийлэнх хугацааг 2025 оны төсвийг хэлэлцэхэд зарцуулсан гэдгийг гишүүд хэлдэг. Мөн намрын чуулганаар Засгийн газраас хэрэгжүүлэхээр төлөвлөсөн мега төслүүдийн 3 төслийг хөдөлгөх эрх зүйн орчин бүрдсэн юм. Тухайлбал Төрийн Байгуулалтын байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд 2024 оны намрын ээлжит чуулганы хугацаанд нийт 19 удаа хуралдаж, 12 хуулийн төсөл, 25 улсын их хурлын тогтоолын төслийг хэлэлцжээ.

Тэгвэл Төсвийн байнгын хороо энэ хугацаанд монгол улсын их хурлын тогтоолын төсөл, “Монгол улсын Эрдэнэсийн сангийн үндсэн болон гүйлгээ сангийн орлого, зарлагын 2023 оны гүйцэтгэл, 2024 оны төсвийн тухай” улсын их хурлын тогтоолын төсөл, үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл хамт өргөн мэдүүлсэн хуулийг төслийг эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаараа хэлэлцэж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, батлуулсан байна.

Харин ЭЗБХ нь “Монгол улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” улсын их хурлын тогтоолын төсөл, “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2025 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” улсын их хурлын тогтоолын төсөл, “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг орлуулах тухай зэрэг хуулийн төслүүдийг хэлэлцэн батлуулжээ.

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд 2024 оны намрын ээлжит чуулганы хугацаанд 7 удаа, аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороотой хамтарсан хурал 2, нийт 9 удаа хуралдаж 25 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна.

Шинээр байгуулагдсан парламентын гишүүдийн 80 нь шинэ гишүүд гэсэн хэдийч энэ намрын чуулганы хугацаанд төсвийг 2 удаа хэлэлцэн алдагдалгүй баталсан нь онцлох үйл явдал байсан гэж гишүүдийн зүгээс онцолдог. Харин нөгөө талаас чуулганы хуралдааны ирц хангалтгүй ердөө 50 хувийн ирц давж хуралдаж байсан нь олон нийтийн шүүмжлэлийг дагуулж байсан юм.