АНУ-ын Засгийн газар бүтэн цагаар ажилладаггүй төрийн албан хаагчдад мэдэгдэл хүргүүлэх бөгөөд мэдэгдэл хүлээн авагчид ирэх 2-р сарын 6-ны өдрөөс өмнө орон тооны цомхотголыг хүлээн зөвшөөрч, ирэх 9-р сараас өмнө дараагийн ажлаа эрж хайх ёстой болж байна. Хэрэв Д.Трампын санал болгож байгаа төлөвлөгөөний дагуу ирэх 9-р сар гэхэд ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдвөл, ажилгүйдлийн тэтгэмж, даатгалын мөнгийг зохих ёсны дагуу олгохыг АНУ-ын Засгийн газрын тайлбарт онцолжээ. Харин уг төлөвлөгөөг дэмжихгүй бол богино хугацаанд ажлаас нь халж, төрийн зардлыг хэмнэх юм байна.
АНУ даяар холбооны Засгийн газрын бүтцэд хамаарах 2 сая орчим төрийн албан хаагч байдаг төдийгүй тэдний ердөө 10 орчим хувь нь бүтэн цагаар ажилладаг бол үлдсэн 90 орчим хувь нь холимог буюу ажлын гурван хоногт бүтэн цагаар, үлдсэн хоёр хоногт нь зайнаас ажиллах хөтөлбөрийн дагуу хөдөлмөр эрхэлдэг байна.
Цар тахлын дараагаас болон Жо Байдены Засгийн газрын үед ажил амьдралын тэнцвэрийг хадгалах олон хөтөлбөр хэрэгжүүлсний үр дүнд холбооны төрийн албан хаагчид зайнаас ажиллах боломжтой болсон ч өнгөрсөн хугацаанд төсвийн зарлага бараг хоёр дахин нэмэгдсэн байна.
Одоо АНУ-ын Шинэ засгийн газар зайнаас ажиллаж байгаа төрийн албан хаагчдын 10-20 орчим хувийг буюу 200-400 орчим мянган ажилтныг ажлаас нь чөлөөлөхөөр бэлтгэж байна. Цагаан ордны нийгмийн бодлого хариуцсан газраас “Засгийн газрын бүтцэд тавих хяналтыг чангаруулснаар төсвийн үрэлгэн зардал буурах төдийгүй төрийн албан хаагчдын томилогоонуудыг эргэж хардаг тогтолцоог бий болгох, дур зоргоороо зарцуулдаг буцалтгүй тусламжийг хянан шалгах ажлын хэсэг байгуулна” гэж мэдэгджээ.
Тэгвэл холбооны ажилтнуудын үйлдвэрчний эвлэл болох АНУ-ын төрийн ажилтнуудын холбоо Д.Трампын цомхотголын төлөвлөгөөг хурцаар шүүмжилж байгаа бөгөөд “мэргэшсэн төрийн албан хаагчдаа ажлаас нь чөлөөлснөөр Засгийн газраас хамааралтай Америкчуудыг эмх замбараагүй байдалд хүргэх асар том, хүсээгүй үр дагавар бий болно" гэж анхаарууллаа.