Импортын гурилын татварыг тэглэснээс үүдэж 3 дотоодын үйлдвэр хаалгаа барихад хүрчээ
Гурилын импортын гаалийн татварыг өнгөрсөн оны 5-р сарын 1-ээс чөлөөлсөн. Энэ нь тухайн үедээ өвөлжилт, хаваржилт хүндэрсэнтэй холбоотойгоор үнийн хөөрөгдлөөс сэргийлэх үүднээс авсан арга хэмжээ юм. Гэвч тус шийдвэр нь дотоодын гурилын үйлдвэрүүд хаалгаа барих нөхцөл байдалд хүргэж байна гэж үзэн ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр уг хуулийн төслийг хүчингүй болгох агуулга бүхий хуулийн төслийг өргөн бариад байна.

2023-2024 оны өвөлжилт, хаваржилт хүндэрч мал аж ахуйн салбарт хүнд нөхцөл үүсэн, 1 тэрбум орчим ам.долларын хохирол учирсан байдаг. Уг хохирлыг бууруулах мөн үнийн хөөрөгдлөөс сэргйилэхийн тулд УИХ-аас гурилын болон улаанбуудайн малын тэжээлийн импортын татварыг тэгэлсэн юм. Тус шйидвэртэй холбоотойгоор жилийн эцсийн байдлаар нийт 64 мян.тн гурил татваргүй хилээр орж ирсэн байна. Үүнээс шалтгаалж дотоодын тогтмол үйл ажиллагаа явуулдаг 8 үйлдвэрийн 3 нь хаалгаа барихад хүрчээ. Тиймээс үүргээ гүйцэтгэсэн гэж хэлэхэд болох гурилын импртын татварыг тэгэлсэнг эргэн хүчингүй болгох хуулийн төслийг салбарын сайд өргөн бариад байгаа юм.

Манай улсад тогтмол үйл ажиллагаа явуулж буй 8 үйлдвэрээс 2-3 нь хаалгаа барихад хүрсэн байна. Түүнчлэн гурил үйлдвэрлэгч нарын орлого нь буурсан учир тариалан эрхлэгч нартаа ч санхүүжилтээ өгч чадахгүй доголдол үүссэн байна.

Ийнхүү дотоодын үйлдвэрүүд алдагдалд орсон учир импортоор орж ирэх гурилд татварыг эргэн ногдуулах хэрэгтэйг салбарынхан хэлж байна.

Мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтыг эрсдэл багатай даван туулахад шаардлагатай мал, амьтны тэжээл, тэжээлийн нэмэлтийг импортын татвараас чөлөөлсөн нь үүргээ гүйцэтгэсэн. Тиймээс ч стратегийн гол хүнс болох улаанбуудай болон гурилын үйлдвэрлэл, нийлүүлэлтийн сүлжээнд оролцогч талуудын үйл ажиллагааг тогтвортой болгох хэрэгтэй байгааг салбарынхан хэлж байна.