Хотын захирагч Х.Нямбаатар ирэх дөрвөн жилд хийх бүтээн байгуулалтуудын талаар танилцуулахдаа Да Хүрээ болон Нарантуул худалдааны төвийг нүүлгэх санаа дэвшүүлсэн гэдгээ энэ сарын 18-ны өдөр мэдээлсэн. Тэгсэнээр хотын түгжрэл багсаж, олон улсын жишгээр явах болно гэдгээ дурдсан. Тэгвэл энэ асуудал дээр нарантуул захын худалдаа эрхлэгчид эсрэг байр суурьтай байгаа юм.
Тэгвэл Эмээлтийн тойргоос Баянзүрхийн гүүр хүртэл хурдны замын ажлын тендер зарлагдаад байгаа, худалдааны төвүүдийг нүүлгэх санал одоогоор батлагдаагүй, захирамж тогтоол гараагүй, хэрэв захирамж гарвал албан ёсоор мэдээлэх болно гэж холбогдох албаныхан хэлж байгаа юм.
Нарантуул, Да Хүрээ захуудын үйл ажиллагаа явуулдаг өдрүүдэд ойр орчмын гудамж зам маш их ачаалалтай, байнгын түгжрэлтэй байдаг. Харин худалдааны төвүүд ажиллаагүй өдрүүдэд ойролцоох зам уулзварын ачаалал 10-15 хувиар багасдаг байна. Мөн эдгээр худалдааны төвүүдийн эргэн тойронд ариун цэвэр, эрүүл ахуйн стандарт тааруу хангаддаг тул ойр орчмын байр сууцны оршин суугчид байнга шүүмжлэл өрнүүлж байдаг. Тиймээс иргэдийн тав тухтай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлж, хотын авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулахын тулд зайлшгүй хийх ёстой ажлын нэг нь эдгээр худалдааны төвүүдийг нүүлгэн шилжүүлэх явдал гэж хотын удирдлагууд үзэж байгаа юм.
Томоохон худалдаа, үйлчилгээний төвүүдийг нүүлгэнэ гэж 2007 оноос хойш яригдаж байгаа ч өнөөдрийг хүртэл энэ ажил хэрэгжээгүй байна. Газрын асуудлаас болоод нүүлгэн шилжүүлэх ажил хойшилдог. Тухайлбал, нарантуул худалдааны төвийн газар ашиглах гэрээг 25 жилээр сунгасан тул нүүлгэн шилжүүлэх ажил бүтээгүй. Мөн хувийн өмч тул нийслэлийн захиргаа яаж ч чадаагүй гэх тайлбарыг холбогдох албаныхан өгч байна.