Д.Трамп АНУ-ын ерөнхийлөгчийн албан тушаалд орсон эхний өдрөө л гадаад бодлогынхоо үр ашиг, уялдаа холбоо, бодит хүртээмжид үнэлэлт, дүгнэлт өгөх зарлигт гарын үсэг зурсан юм. Зарлиг ёсоор гадаадын тусламжийг 90 хоногийн туршид түр зогсоох юм байна.
АНУ-ын Засгийн газар гадаад тусламжийн хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхийн тулд өнгөрөгч 2023 онд улсын төсвөөс нийт 68 тэрбум ам.доллар, 2024 онд 81 тэрбум ам.доллар зарцуулжээ.
Лхагва гарагт АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио "АНУ-ыг нэн тэргүүнд тавина” хэмээх Д.Трампын сонгуулийн мөрийн хөтөлбөр, гадаад бодлоготой Жо Байдены үед хэрэгжүүлж байсан тусламжийн хөтөлбөрүүдийг уялдуулах, нийцүүлэх шаардлага үүссэн талаар мэдэгдсэн байна. Тэрээр уг хязгаарлалт нь яаралтай хүнсний тусламж болон Египет, Израил улсуудад үзүүлж байгаа цэргийн тусламж, санхүүжилтэд хамаарахгүй гэдгийг онцолжээ. Мөн Марко Рубио АНУ-ын иргэд илүү баян чинээлэг, бүс нутгийн хувьд аюул, заналхийлэлгүй болсон тохиолдолд Вашингтон гадаад тусламжаа өсгөн нэмэгдүүлнэ гэж мэдэгдсэн байна.
Тэгвэл энэ ажлын хүрээнд АНУ-аас Украин улсад үзүүлэх зэр зэвсгийн болон санхүүгийн тусламжийг зогсоох төлөвтэй байгаа талаар зарим эх сурвалж хэвлэлд ярьжээ.