Мөн халдварт менингит өвчин нь менингококкоор үүсгэгдэж, агаар дуслын замаар халдварладаг бөгөөд өвөл болон хаврын улиралд өвчлөл ихэсдэг. Мөн нийт өвчлөлийн 80 орчим хувийг 4 хүртэлх насны хүүхдүүдийн өвчлөл эзэлдэг юм байна. Тэгвэл 2023 онд халдварын 3 тохиолдол, нас баралтын нэг тохиолдол бүртгэгдэж байсан бөгөөд өнгөрсөн оны 12 сард нэг тохиолдол бүртгэгдэж байсан юм. Харин энэ он гарсаар өчигдөр буюу энэ сарын 29-ний өдөр Налайх дүүрэгт халдварын нэг тохиолдол бүртгэгджээ.
Халдвар авсан хүүхдийн биеийн байдал маш хүнд байгаа бөгөөд ойрын хавьтлуудыг илрүүлэн эмнэлзүйн үзлэг болон шинжилгээг хийсэн байна. Тэгвэл өнөөдрийн байдлаар 6 сэжигтэй тохиолдлыг шинжлүүлсэн бөгөөд бүгд сөрөг гарчээ.
Халдвар бүртгэгдсэнээс хойш тухайн хүүхдийн явдаг 307-р цэцэрлэг болон хамт амьдардаг эгчийнх нь сургуульд буюу голомт цогцолбор сургуулийн бага сургууль болон 160-р сургуульд хөл хорио тогтоож, халдваргүйжүүлэлт ариутгалын ажил хийгдсэн байна. Мөн тэдгээрийн үйл ажиллагааг цахимд шилжүүлжээ. Одоогийн байдлаар өвчлөлийн тоо нэмэгдээгүй ч халдварын нууц үе нь 2-7 хоног тул халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахих шаардлагатайг юм. Мөн уг халдварыг авсан тохиолдолд цаг алдвал хурдан хүндэрч эндэгдэлд хүргэх эрсдэлтэй. Тиймээс шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эмнэлэгийн байгууллагад яаралтай хандах шаардлагатай гэдгийг эмч, мэргэжилтнүүд анхаарууллаа.
Халдвар авсан тохиолдолд өндөр хэмээр халуурах, бөөлжих зэрэг шинж тэмдэг илэрдэг байна. Мөн доод мөчнөөс эхлэн улаан тууралт гарч эхэлдэг тул хүүхэд шалтгаангүйгээр өндөр хэмээр халуурвал хүүхдийн биед үзлэг хийх шаардлагатай юм. Мөн насанд хүрэгчид нян тээгч болж халдвар тараах эрсдэлтэй тул иргэд амны хаалт зүүх, олон хүнтэй газраар явахгүй байх зэргээр халдвараас урьдчилан сэргийлэх боломжтой.