Өнгөрсөн оны 8-р сард Украины арми хил дамнасан сөрөг довтолгоо хийх үеэрээ ОХУ-ын Курск мужийн Суджа хотыг эрхшээлдээ оруулсан байна. Тэгвэл өнгөрөгч Бямба гарагт Украины армийн хяналтад байгаа Суджа хотын энгийн иргэдийн орогнож байгаа оюутны дотуур байр агаарын цохилтод өртөж, дөрвөн хүн амиа алджээ.
Харин Орос, Украины эрх баригчид Суджа дахь иргэний дэд бүтцийг онилон бөмбөгдсөн халдлагад харилцан нэгнээ буруутгаж байна. Украины Ерөнхийлөгч В.Зеленський “Уламжлалын дагуу ОХУ-ын зэвсэгт хүчин иргэний дэд бүтэц, тэр дундаа өөрийн улсын иргэдийг онилон агаарын цохилт өглөө. Энэ бол гарцаа байхгүй хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг” гэж мэдэгдсэн байна. Мөн тэрбээр “Олон жилийн өмнө Орос улс Чечений газар нутагт халдан довтлохдоо ийм арга барилаар ажиллаж байсан төдийгүй Сири, Украины хотуудад ч мөн л ийм хэрцгий тактик хэрэглэсэн” хэмээн буруутгажээ.
Бямба гарагт болсон агаарын цохилтын уршгаар ОХУ-ын багадаа 4 иргэн амиа алдсан талаар Украины зэвсэгт хүчний жанжин штабаас мэдэгдлээ. Түүнчлэн цахим орчинд нийтлэгдсэн дүрс бичлэгт олон арван хүн шархдан газар хэвтэж байгааг харуулжээ.
Өнгөрсөн оны 8-р сард Украины арми хил дамнасан сөрөг давшилтаараа ОХУ-ын Курск мужийн бүс нутагт цэргийн хүчээ төвлөрүүлж, бүс нутгийн гол цэг Суджа зэрэг олон арван суурин газар, жижиг хотуудыг эзлэн авсан юм.
Зэвсэгт мөргөлдөөний өмнө Суджа хот нь 6 мянга гаруй оршин суугчтай байсан бол зэвсэгт тулааны уршгаар оршин суугчдын бараг тал хувь нь орон гэрээ орхин дүрвэжээ.
Тэгвэл ОХУ-ын Батлан хамгаалах яам болон Курск мужийн захиргаанаас Украины нутаг дэвсгэрээс харвасан пуужин Суджа дахь оюутны дотуур байрыг онилсон бөгөөд тус пуужинг Киевийн талаас хөөргөснийг ОХУ-ын агаарын довтолгооноос хамгаалах хүчнийхэн илрүүлсэн гэж мэдэгджээ.