БНСУ-ын Засгийн газар ирэх 6-р сарын 3-ны өдөр ерөнхийлөгчийн сонгууль явуулахаар төлөвлөж байна

Өнгөрсөн долоо хоногт БНСУ-ын Үндсэн хуулийн цэц тус улсын ерөнхийлөгч Юн Сок Ёлийг хугацаанаас нь өмнө албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан юм. Тус улсын хуулийн дагуу 60 хоногийн дотор ерөнхийлөгчийн ээлжит бус сонгууль явуулж, дараагийн төрийн тэргүүнийг тодруулах ёстой юм байна.

Тэгвэл БНСУ-ын ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулийн товыг өнөөдөр буюу Даваа гарагт зарлах хүлээлттэй байгаа ч эх сурвалжууд ирэх 6-р сарын 3-ны өдөр санал хураалт болно гэж хэвлэлд мэдээлжээ. Өнгөрсөн амралтын өдрөөр Өмнөд Солонгосын ЗГ-аас уг шийдвэрийг баталсан ч хуулийн дагуу ажлын өдөр зарлах ёстой юм байна.

Өнгөрсөн оны 12-р сарын 3-нд Юн Сок Ёль цэргийн онц байдлын тухай тогтоол гаргаж, парламентын үйл ажиллагааг зогсоохын тулд цэрэг армиа дайчласан нь үндсэн хууль зөрчсөн үйлдэл болсон хэмээн шүүхийн тайлбарт дурджээ. Шүүхийн шийдвэр нь зарлагдсаны дараагаас нэн даруй хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэнэ гэдгийг мөн тайлбарт дурджээ.

Шүүхийн шийдвэрийг танилцуулах сонсголд албан тушаалаасаа буусан ерөнхийлөгч Юн Сок Ёль биечлэн оролцоогүй байна.

Өнгөрсөн хугацаанд Юн Сок Ёль төрийн эргэлт хийх зорилгоор цэргийн дэглэм тогтоох бодолгүй байсан, харин сөрөг хүчин болох Ардчилсан нам парламентын олонхын статусаа урвуулан ашиглаж, улс орныг сүйрүүлнэ гэж сүрдүүлсэн тул аргагүйн эрхэнд түгшүүр зарласан гэж тайлбарласаар байсан юм.

Цэргийн онц байдал зарласнаасаа хойш тэрээр саатуулах байрт хоригдож байсан бөгөөд бүрэн эрх нь дуусгавар болохоос өмнө хариуцлагад татагдсан Өмнөд Солонгосын анхны ерөнхийлөгч болж байна.