Д.Трамп БНХАУ-ын импортын бараа бүтээгдэхүүнд 34 хувийн нэмэлт татвар оногдуулсан нь дэлхийн хүчирхэг эдийн засаг бүхий хоёр гүрний уламжлалт эдийн засгийн харилцаанд цэг тавьсан явдал болсноор худалдааны хурцадмал байдлыг улам даамжрууллаа.
Өнгөрөгч Бямба гарагт БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Чян “АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампын шийдвэр нь олон улсын худалдааны дүрэм журамд нийцэхгүй байгаа төдийгүй Хятад улсын хууль ёсны эрх ашгийг ноцтойгоор хохироож, нэг талыг барьсан, амин хувиа хичээсэн, дээрэнгүй алхам болсон” хэмээн мэдэгджээ. Тиймээс трампын үйлдэлд хариу болгон АНУ-ын бараанд 34 хувийн гаалийн татвар оногдуулах шийдвэрийг тэрээр зарласан нь өнгөрсөн 80 гаруй жилийн турш дэлхийн эдийн засгийн салбарын өнгө аясыг тодорхойлсон даяаршил, либерал үзэл баримтлал нуран унасныг батлан харууллаа гэж судлаачид үзэж байна.
Өнгөрсөн 1-р сард Д.Трамп Засгийн эрхэнд гарсныхаа дараа Хятад улсын бараанд 10 хувийн нэмэлт татвар оногдуулсны дараа Бээжингийн зүгээс АНУ-ын хөдөө аж ахуй болон хүнд машин механизмын нийлүүлэлтэд хариу 15 хувийн нэмэлт татвар оногдуулсан нь худалдааны маргаан даамжрах үндэс суурь болсон юм.
Тэгвэл ирэх Лхагва гаргаас эхлэн АНУ-ын хэрэглэгчид Хятад улсаас худалдан авч байгаа бараа бүтээгдэхүүн тутамдаа нэмэлтээр 50 болон түүнээс дээш хувийн татвар төлөхөөр болж байна. Тухайлбал, хэрэглэгчид татварын дайнаас өмнө сүүлийн үеийн Iphone гар утас авахад 1200-1500 орчим ам.доллар төлж байсан бол өдгөө бүтээгдэхүүний өртөг 2000 ам.долларыг давна гэж үзэж байна. Трампын эхлүүлсэн энэхүү татварын дайн ану-д санхүүгийн хямрал нүүрлэх эрсдлийг 60 хувьд хүргэнэ гэж зах зээл судлаачид тооцож байгаа нь нөхцөл байдал хэр хүндэрснийг илтгэж байна.
Энэ мэтээр худалдааны маргааныг даамжруулсан асуудал нь тун энгийн буюу өнгөрсөн 10 жилийн хугацаанд АНУ-д нас баралтын түгээмэл шалтгааны нэг болсон фентанил хэмээх синтетик хар тамхины хууль бус тээвэрлэлт, мөн үйлдвэрлэл юм байна. Д.Трамп АНУ-ын хилээр хууль бусаар нэвтэрч, олон мянган хүнийг донтуулж байгаа хар тамхины нийлүүлэлтийг зогсооход зөвхөн Цагаан ордны хүчин чармайлт хангалтгүй гэж үзэж байгаа юм. Д.Трамп Хятад улсын химийн үйлдвэрлэлийн компаниуд фентанил хар тамхины гол түүхий эдийг Мексик улс руу нийлүүлж, улмаар Мексик улсад боловсруулсан хууль бус барааг АНУ руу оруулж ирж байна гэж үзэж байгаа юм. Иймд талууд бүхий л хууль бус үйлдлийг таслан зогсоох чиглэлд хамтран ажиллахыг Д.Трамп шаардаж, бас тулгаж байгаа юм.