Харин өнөөдөр буюу Мягмар гарагт БНХАУ-ын худалдааны яамнаас “Д.Трампын татвартай холбоотой шийдвэр нь бүхэлдээ алдаа, Бээжингийн хариу татварын эсрэг дахин арга хэмжээ авна гэж сүрдүүлсэн нь мөн л алдаа болж байна” гэж мэдэгдлээ. Мөн БНХАУ-ын дарга Ши Жиньпин "Хэрэв АНУ буруу замаар явах гэж байгаа бол Хятад улс эцсээ хүртэл тэмцэж, эрс шийдэмгий хариу арга хэмжээ авна" гэж мэдэгдсэн байна. Ийнхүү хятад улс эцсээ хүртэл тэмцэхээ илэрхийлсэн нь дэлхийн эдийн засаг дахь тодорхойгүй байдлыг улам даамжрууллаа.
Тэгвэл АНУ-ын хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчид Д.Трамп болон түүний багийнханд хандан худалдааны дайнаа түр завсарлуулахыг уриалж, эс бөгөөс эдийн засгийн хувьд томоохон алдагдал хүлээн, зах зээлийн итгэл алдарч болзошгүйг анхааруулсаар байна.
Даваа гарагт Д.Трамп "Хэрэв Хятад улс маргааш буюу 2025 оны 4-р сарын 8-ны өдөр гэхэд 34 хувийн татварын нэмэгдлээ татахгүй бол ану 4-р сарын 9-нөөс эхлэн Хятад улсад дахин 50 хувийн нэмэлт татвар оногдуулах болно. Үүнээс гадна Хятад, Америк хоёр улсын бүх салбар дахь хамтын ажиллагааны яриа хэлэлцээг зогсооно” хэмээх сүрдүүлсэн мэдэгдэл хийжээ.
Зах зээл судлаачид Америк, Хятад 2 улс бие биенээ чиглэн давхиж байгаа уралдааны машин шиг байгаа төдийгүй хоёр машин мөргөлдөхөөсөө өмнө замаасаа гарвал нэр хүнд, үнэ цэнээ алдана гэдгээс эмээж байна гэж үзэж байна. Энэ утгаараа дэлхийн эдийн засгийн тулгуур баганууд ганхаж эхэлснийг илтгэж байгаа төдийгүй цар тахал, Украины дайн, худалдааны маргаан нь эцэстээ ямар үр дүнд хүргэхийг тааварлах боломжгүй гэдгийг судлаачид мөн онцолж байна.