Европын холбооны гүйцэтгэх засаглал буюу Европын комисс ирэх 5-р сарын 16-ны өдрөөс эхлэн АНУ-ын бараа бүтээгдэхүүний импортод шат дараатайгаар 25 хувийн татвар оногдуулахаар болжээ. Импортын хариу татварыг өргөн цар хүрээтэй бараа бүтээгдэхүүнд оногдуулж байгаа бөгөөд үүнд алмааз эрдэнэ, өндөг, шүдний утас, хагас боловсруулсан бүтээгдэхүүн, шувууны мах зэрэг бараа бүтээгдэхүүн багтаж байна. Мөн энэ оны эцэс гэхэд АНУ-ын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнд татвар оногдуулах юм байна.
Даваа гарагт Люксембург улсад ЕХ-ны гишүүн орнуудын худалдааны сайд нар уулзаж АНУ-ын Засгийн газрын татварын дайн, тэр дундаа блокийн орнуудын ган, хөнгөн цагааны гаалийн татварыг өсгөн нэмэгдүүлсний эсрэг авах хариу арга хэмжээг хэлэлцжээ. Энэ үеэр тэд бүх талын худалдааны дайнаас зайлсхийхийн тулд яриа хэлэлцээ эхлүүлэх нь нэн тэргүүний асуудал байх ёстой гэдэгт санал нэгдсэн байна. Уулзалтын дараа ЕХ-ны худалдааны салбар хариуцсан комиссар Марос Сефчович гишүүн орнуудын санал хүсэлтийг харгалзан үзсэний дараа АНУ-ын гаалийн татварын эсрэг авах арга хэмжээг тохиролцох ёстой гэж мэдэгджээ. Тэрээр "Ган, хөнгөн цагаан зэрэг гишүүн орнуудын стратегийн ач холбогдолтой бараа бүтээгдэхүүнд өндөр гаалийн татвар оногдуулсны хариуд АНУ-ын 28 тэрбум ам.долларын өртөг бүхий бараа бүтээгдэхүүнд нэмэлт татвар оногдуулах төлөвлөгөөтэй байна” хэмээн онцолсон байна.
Ийнхүү Европын комиссын хууль тогтоогчид нийлүүлтэд нь өндөр татвар оногдуулах ану-ын бараа бүтээгдэхүүний жагсаалтыг боловсруулан эвслийн гишүүн орнуудад танилцуулсан байна. Одоо Европын холбооны гишүүн бүр гаалийн татварын үр нөлөөг дэнсэлснийхээ дараа нэгдсэн байдлаар хариугаа хэлэх хүлээлттэй байгаа юм. Эвслийн гишүүн бүр ногоон гэрэл асаавал ирэх 5-р сараас эхлэн ану-ын бараанд 25-аас дээш хувийн татвар оногдуулах төлөвтэй байна.