ЗГХЭГ: Дорноговь аймгийн сумдад уранаас үүдэлтэй ургийн гажигтай мал төрсөн нь худал болохыг тогтоосон
Манай улс Франц улстай ураны төсөл дээр хамтран ажиллахаар болсонтой холбогдуулан Дорноговь аймагт уран олборлох үйл ажиллагаа мал, амьтны эрүүл мэнд, байгаль орчинд сөргөөр нөлөөлөлж байна гэх мэдээллийн мөрөөр ЗГХЭГ-аас холбогдох мэргэжилтнүүдийг багтаасан ажлын хэсэг гаргаж, хяналт шалгалт, судалгаа шинжилгээ явуулжээ. Хөрс, ус, мал амьтанд хийсэн шалгалт шинжилгээгээр тухайн бүс нутагт цацрагийн хэмжээ аюулгүйн нормд заасан түвшинд байгаа буюу аюулгүйн үзүүлэлтээс хэтрээгүй байна гэж дүгнэсэн байна.

Дорноговь аймгийн  Улаанбадрах сумын малчин Д.Норсүрэн, Н.Батбаатар нарын хотонд уранын хайгуулын ажил хийж эхэлсэнээс хойш ургийн гажигтай ишиг хурга төрсөн гэх  мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдсан. Түүнчлэн сүүлийн жилүүдэд урантай холбоотой нийгэмд олон талцал маргаан үүсэж байгаа тул энэхүү асуудалд судалгаа шинжилгээ ЗГХЭГ-аас ажлын хэсэг гаргажээ. Ажлын хэсгийн бүрэлдэхүүн Дорноговь аймгийн Сайншанд, Улаанбадрах сумдын малчин иргэдийн хаваржаа, хүн, малын ундаалдаг гар худаг, малын хашаа, малын бэлчээр зэрэг нийт 13 цэгт гамма цацрагийн тунгийн чадлын хэмжилт хийж, тус цэгүүдээс байгалийн болон зохиомол цацраг идэвхт изотоп тодорхойлохоор хөрсний 14 дээж, ундны усны 7 дээжийг тус тус авч, улсын ахлах байцаагчийн дүгнэлт гарчээ.

Мөн дүгнэлтээр бүс нутгийн хүн малын ундаалдаг гүний худаг, малын хашаа, малын бэлчээрт газар дээр нь хийсэн гамма цацрагийн тунгийн чадлын хэмжилтийн дүн байгалийн цацрагийн дэвсгэр түвшин болох 0.20 микро зиверт цаг хэмжээнээс хэтрээгүй буюу 0.03-0.13 микро зиверт цаг гэсэн үзүүлэлттэй гарчээ. Хийсэн бүхий л шинжилгээ дүгнэлтээс харахад тухайн бүс нутгийн хүн ам, мал амьтны эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд үзүүлсэн химийн гаралтай хүчин зүйлсээс шалтгаалсан сөрөг нөлөөлөлгүй болох нь тогтоогдсон байна.

Энэхүү нэг удаагийн үйлдлээр урантай холбоотой асуудлын эцсийн дүгнэлтийг гаргах боломжгүй бөгөөд цаашдаа тогтмолд хугацаанд дээж авч шинжилгээ хийж  нарийвчилсан судалгааг хийж байхаар болжээ