Цөмийн эрчим хүчний үйлдвэрлэл, эрэлт нэмэгдсэнтэй зэрэгцэн цэвэр, ногоон эрчим хүчний үйлдвэрлэлийн эзлэх хувь ч даган өссөнөөр 2023 онд нийт эрчим хүчний үйлдвэрлэлд 39 хувийг эзэлж байсан бол 2024 онд түүхэндээ анх удаа 40 хувь давсныг мягмар гарагт “Ember Energy Analytical Center” хэмээх судалгааны байгууллагаас мэдээлжээ. Өнгөрсөн 2024 онд нарны зайн хураагуурын станц, салхин сэнсний эх үүсвэрээр үйлдвэрлэсэн эрчим хүчний хэмжээ усан цахилгаан станцын үйлдвэрлэсэн эрчим хүчний хэмжээг анх удаа давсан байна.
Тодруулбал, өнгөрсөн жил дэлхийн нийт эрчим хүчний үйлдвэрлэлийн 8.1 хувийг салхи, 7 хувийг нар, 14 хувийг усан цахилгаан станц эзэлсэн бол атомын цахилгаан станц 9 хувь, био эрчим хүч, газрын гүний дулааны эрчим хүч зэрэг бусад сэргээгдэх эх үүсвэрүүд 3 орчим хувь, нүүрсэн цахилгаан станц, байгалийн хийн гаралтай эрчим хүч хамтаар 56 орчим хувийг тус тус эзэлжээ.
Нөгөөтэйгүүр 2024 онд дэлхийн эрчим хүчний нийт үйлдвэрлэлийн хэмжээ 2023 оны үзүүлэлттэй харьцуулахад 4 хувиар өсөн нэмэгджээ. Энэ нь хөгжиж байгаа улс орнуудын үйлдвэрлэл эрчимжсэн, мөн хиймэл оюун ухааныг ажиллуулж байгаа дата төвүүдийн эрчим хүчний хэрэглээ, цахилгаан тээврийн хэрэгслийг цэнэглэх хэрэгцээ ихэссэн зэргээс үүдэлтэй гэж тайлбарлаж байна.
2023 онд нүүрс, байгалийн хий, газрын тосноос гарган авсан эрчим хүчний хэмжээ нийт үйлдвэрлэлд 60-аас дээш хувийг эзэлж байсан бол 2024 онд 60-аас доош хувь руу орсон нь ийм төрлийн статистик тоо баримтыг боловсруулж эхэлсэн 1940 оноос хойших анхны томоохон бууралт болжээ.