Хятад улсын тэрхүү хоёр иргэний банкны карт, хувийн мэдээллийг нь баталгаажуулах бичиг баримтыг хураан авсан талаар мөн В.Зеленський мэдээлсэн байна. Гэвч БНХАУ-ын Засгийн газар, Батлан хамгаалах яамнаас дайнд цэргээ илгээгүй бөгөөд олзлогдсон хоёр хүн нь Оросын армитай гэрээ байгуулан байлдааны ажиллагаанд оролцсон гэж Украины тагнуулын байгууллага таамаглаж байгаа юм байна.
Тэгвэл Хятадын хоёр иргэн Оросын армид үүрэг гүйцэтгэж байхдаа олзлогдсон нь гурван жил үргэлжилж буй дайныг зогсоож, энх тайван тогтоох эмзэг боловч найдвар төрүүлсэн хүчин чармайлтад заналхийлж болзошгүй байна. Дайны он жилүүдэд БНХАУ төвийг сахих статус баримталж, дайсагнагчдад үхлийн аюултай зэр зэвсэг нийлүүлэхгүй гэдгээ илэрхийлсээр байгаа юм. Гэвч Өрнөдийнхөн Оросын дайны машины хамгийн том санхүүжүүлэгч нь Хятад улс гэж үзэж байгаа төдийгүй 2022 онд дайн эхэлснээс хойш Хятад, Орос хоёр улсын худалдааны эргэлт огцом нэмэгдэж, 150 тэрбум ам.долларт хүрсэн нь Москвагийн гол мөнгөний эх үүсвэр Бээжин болсныг нотолж байгаа юм.
Хятадын иргэд олзлогдсоны дараа Мягмар гарагт Володимир Зеленський байлдааны талбарт Хятад улсын өөр олон иргэн байлдаж байгаа тухай нотлох баримт олдсон гэж мэдэгдсэн байна. Тэрээр "Европ тивийн газар нутагт үргэлжилж байгаа энэ дайнд Орос улс холбоотноо хүртэл татан оролцуулж байгаа нь В.Путин энх тайвнаас хол байгааг харуулж байна” хэмээн хэлжээ.
Хятад, Орос хоёр улсын Гадаад хэргийн яамнаас эдгээр олзны хүмүүстэй холбоотой асуудалд тайлбар өгөхөөс татгалзсан байна. 2022 оноос хойш ОХУ Иран улсын дрон, Умард Солонгосын цэрэг пуужин болоод их бууны сумаар байлдааны ажиллагаандаа хүч нэмснээс гадна Энэтхэг, Бутан, Афганистан зэрэг улсын хөлсний цэргүүдтэй гэрээ байгуулсан гэж буруутгагдсан юм. Үүнд нэр холбогдсон Умард Солонгосын цэргүүд Оросын газар нутагт байлдааны ажиллагаанд оролцсон бол Хятад улсын иргэд дайны фронтод Украины армийн эсрэг үүрэг гүйцэтгэж байгаа нь анхаарал хандуулах асуудал гэдгийг В.Зеленський онцолжээ.