2023 онд Монгол улсын эдийн засгийн өсөлт 7.4 хувь байсан бол 2024 онд 4.9 хувь болж буурсан байна. Тухайлбал өнгөрөгч онд хөдөө аж ахуйн салбар томоохон хохирол амссан хэдий ч уул уурхайн салбар 1.4 нэгжээр, үйлчилгээний салбар 4.8 нэгжээр ДНБ-ий өсөлтөд нөлөөлсөн байна. Түүнчлэн инфляц 6.8 хувь болж буурсан хэдий ч сүүлийн саруудад эрчимтэй нэмэгдэж өнгөрөгч 12-р сард 9 хувьд хүрсэн юм. Мөн 2024 оны төсвийн зардал нэмэгдсэн ч төсөв ашигтай гарсан бөгөөд засгийн газрын өр буурч, Азийн бусад улсуудтай харьцуулахад өрийн хэмжээ доогуур түвшинд байна.
Харин сүүлийн саруудад эрчимтэй нэмэгдсэн инфляц 2025 онд 9.1 хувьд хүрэх бол 2026 онд 7 хувь болж буурах төлөвтэй байна. Түүнчлэн уул уурхайн салбарын тэлэлтээс үүдэн эдийн засаг 2025 онд 6.6 хувь, 2026 онд 5.9 хувиар өсөх үзүүлэлттэй байгаа юм. Гэсэн хэдий ч түүхий эдийн үнийн уналт, инфляц төсөөлсөнөөс хэтрэх болон импорт, экпортын зөрүү зэрэг нь зарим эрсдлүүдийг үүсгэж болзошгүй байна.
Мөн АНУ-ын Засгийн газраас тогтоосон шинэ тариф манай улсад шууд нөлөөлөхгүй ч БНХАУ-ын эрэлт удаашрах замаар шууд бус нөлөө үзүүлэх магадлалтай байна. Учир нь манай улсын АНУ руу гаргасан экспорт нийт экспортын тэг зууны 24 хувийг л эзэлж байна. Харин тарифын нөлөөнөөс үүдэн Хятадын эдийн засгийн өсөлт 2025 онд 0,4, 2026 онд 0,9 нэгж хувиар буурах эрсдэл байгаа юм. Энэ нь манай улсад дам нөлөө үзүүлэх эрсдэлтэй гэдгийг албаныхан хэлж байсан юм.