Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн холбогдох зүйл заалтуудад өөрчлөлт оруулахаар төслийн хэлэлцүүлгийг хийж байна. Төслийн хүрээнд нэг удаагийн ажил үйлчилгээний гэрээ болон хөлсний гэрээнээс нийгмийн даатгал албан журмаар суутгахгүй байх, унаа хоол, байрны хөнгөлөлт зэрэг ажил олгогчоос ажилтанд олгож буй нэмэлт зардлаас шимтгэл авахгүй байх, шимтгэл төлөх дээд хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэн хэмжээнд тогтоох зэрэг өөрчлөлтүүд орсон байна. Мөн ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэлд төлөх сарын цалин, түүнтэй адилтгах орлогын хувь хэмжээг 5-6 хувиар бууруулах боломжтой гэж аан байгууллагын төлөөлөл үзэж байна. Эдгээр өөрчлөлтөөр бизнес эрхлэгчдийн татварын ачаалал буурч иргэдийн бодит орлого нэмэгдэх, далд эдийн засаг хумигдаж хөдөлмөрийн зах зээл идэвхжих буюу ажиллах хүчний эрэлт нэмэгдэнэ гэж хууль санаачлагчид онцолж байна.
ААН байгууллагуудын төлөөлөл болон шинжээчдийн зүгээс дээрх өөрчлөлтүүдийг дэмжиж байгаагаа илэрхийлж байсан бөгөөд эдгээр өөрчлөлтүүд хийгдвэл ажилтны цалин орлого өсөх, байгууллагад ирдэг дарамт буурна гэж үзэж байна. Мөн шимтгэл төлөх дээд хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэн хэмжээнд тогтоох гэсэн заалт нь зөвхөн өндөр цалинтай иргэнд хамааралтай гэж үзэн шүүмжилж байсан юм.
Уг нэмэлт өөрчлөлтүүд хийгдсэнээр НДШ-ийн орлогоос 300 орчим тэрбум төгрөг хасагдах тооцоол гарсан байна. Тэгвэл нөгөө талдаа бизнесийн чөлөөт орчин бүрдэх, далд зах зээл ил болох зэрэг олон давуу талууд үүсэх юм байна.
Сүүлийн жилүүдэд нийгмийн даатгал, татвар шимтгэлүүдтэй холбоотой асуудал бизнес эрхлэгчдэд нэлээдгүй дарамт учруулж улмаар далд эдийн засаг бий болох нөхцөлийг бүрдүүлсэн. Тэгвэл уг заалтууд батлагдсанаар ажилгүйдлийн түвшин 5.04 буюу 0.06 хувиар буурч үүнийг дагаад татварын орлого өснө гэсэн тооцооллыг гаргажээ. Мөн шинээр хамгийн багадаа 875 ажлын байр шинээр нэмэгдэхээс гадна иргэдийн бодит орлого нэмэгдэнэ гэсэн тооцооллыг хууль санаачлагчид боловсруулжээ. Энэ долоо хоногтоо багтаан хэлэлцүүлгүүд дуусгаж ирэх долоо хоногоос хуулийн төслөө өргөн барихаар төлөвлөж байна.