АНУ-ын Засгийн газар виз хүсэгчдийн цахим хаягийг хянаж, шалгадаг болно
Лхагва гарагт АНУ-ын цагаачлалын алба тус улсад виз хүсэгчид, хилээр нэвтэрч байгаа цагаачдын сошиал хаягийг хянаж, шалгадаг болно гэж мэдэгдлээ. Уг шийдвэрийн гол зорилго тухайн виз хүсэгч нь Анти-Семитист буюу Еврей үндэстнийг үзэн ядах үзэлтэй эсэх, мөн ийм төрлийн олон нийтийн үйл ажиллагаанд оролцож байсан эсэхийг нягтлан шалгахтай холбоотой юм байна.

Хэрэв виз хүсэгч нь Антисемитист үзэлтэй, мөн терроризмын бүлэглэлүүдийг дэмжсэн байр суурийг илэрхийлдэг бол хил нэвтрэх болон оршин суух зөвшөөрөл олгохоос татгалзах аж. Д.Трампын засаг захиргаа Антисемитизмтэй тэмцэх нэрийдлээр Палестины тусгаар тогтнолыг дэмжиж байгаа хувь хүмүүс, аж ахуйн нэгжүүдийг шийтгэж, израилын цэргийн ажиллагааг эсэргүүцсэн гадаад оюутнуудыг албадан нутаг буцаах, тэтгэмжийг нь цуцлах зэрэг арга хэмжээ авч эхэлсэн юм. Харин Д.Трампын Антисемитизмийн эсрэг бодлого арга хэмжээ нь АНУ-ын үндсэн хууль, үг хэл, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг зөрчиж байна гэх шүүмжлэлийг дагуулж байгаа юм.

Лхагва гарагт АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яамны нарийн бичгийн дарга Кристи Ноем "АНУ-д ирж, хуулийн цоорхой дор нуугдаж, Антисемитизм, хүчирхийлэл, терроризмыг сурталчлах боломжтой гэж бодож байгаа хүн бүр дахин нэг бодож үзээрэй. Таныг бид хүлээж авахгүй" хэмээн хэлжээ. Мөн виз хүсэгчдийн сошиал хаягийг шалгах шийдвэр нь зарлагдсаны дараагаас нэн даруй хүчин төгөлдөр болох бөгөөд оюутны виз болон АНУ-д оршин суух байнгын оршин суугч “Ногоон карт”  эзэмшигчдэд хүртэл хамаарна гэдгийг албаны тайлбарт дурджээ.

Өнгөрсөн 1-р сард Д.Трамп АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсоноосоо хойш Палестины тусгаар тогтнолыг дэмжигч төрийн бус байгууллага, оюутнуудын нэгдэл, холбооны үйл ажиллагааг зогсоох, оюутнуудыг албадан гаргах, ийм төрлийн үйл ажиллагааг дэмжиж байгаа их сургууль коллежид Засгийн газраас олгодог санхүүжилтийг танах арга хэмжээ авч байгаа юм. Гэхдээ одоогоор виз хүсэгчдийг Антисемитизм үзэлтэн гэж тодорхойлох хэмжүүр, жишээний талаар мэдээлэл гарсангүй. АНУ-ын Төрийн Нарийн бичгийн дарга Марко Рубио өнгөрсөн сард Антисемитист үзэлтэй 300 орчим хүний ​​визийг цуцалсан гэж мэдэгдсэн бол одоо уг арга хэмжээ улам эрчимжих төлөвтэй байна. Түүнчлэн Төрийн Департаментын цахим хуудаст АНУ-ын иргэн харьяат бус хүмүүс Америкчуудтай адил эрх эдэлдэггүй бөгөөд виз олгох, татгалзах нь хуулийн байгууллага бус, цагаачлалын алба, засгийн газрын үзэмжээр шийдвэрлэгдэнэ гэж бичжээ.