Ирэх 7-р сард ЕХ болон БНХАУ-ын удирдагчдын дээд хэмжээний уулзалт болно
Ирэх 7-р сард Европын холбооны удирдагч нар БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй дээд хэмжээний уулзалт хийхээр төлөвлөж байгаа гэж Блүүмберг агентлаг мэдээллээ. Төлөвлөгөөний дагуу ЕХ-Хятадын удирдагчдын хоёр дахь удаагийн дээд хэмжээний уулзалт болох газрын байршлыг хэлэлцэж байгаа ч боломжит сонголт нь Бээжин хот гэж үзэж байна.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин ЕХ-ны Төв байрт буюу Брюссель хотод зочлохыг хүсэхгүй байгаа тул Европын зөвлөлийн дарга Антонио Коста, Европын комиссын ерөнхийлөгч Урсула Фон Дер Лейен нар Хятадын удирдагчтай уулзахыг хүсэж байгаа учраас Бээжин хотод айлчлах төлөвлөгөөг хүлээн зөвшөөрснийг эх сурвалжууд хэлж байна.

Хэдийгээр талууд дээд хэмжээний уулзалтын тогтсон товыг тохиролцоогүй байгаа ч Европын холбооны удирдагчид айлчлалыг хүлээн зөвшөөрсөн нь Өрнөдийн холбоотнуудын харилцаанд үл ойлголцол гарсан эгзэгтэй үед Бээжин, Европын хамтын ажиллагаа өргөжих хүлээлтийг нэмэгдүүлж байна.

Д.Трампын засаг захиргааны татварын түрэмгий бодлого нь Өрнөдийн уламжлалт харилцаанд эргэлт авчирч гэж судлаачид харж байна. ЕХ-Хятадын анхны дээд хэмжээний уулзалт бээжин хотноо болсон. Харин протоколын дагуу хоёр дахь уулзалтыг Европ холбооны тивийн Төв байрт хийх ёстой ч Ши Жиньпин айлчлалд нээлттэй хандаагүй тул Өрнөдийн эвслийн удирдагч нар буулт хийсэн гэж мэдээлж байна.

Европын холбоо дэлхийн уламжлалт худалдааны тогтолцоо, зарчимд аюул заналхийлэл учруулж байгаа Д.Трампын засаг захиргааны татварын түрэмгий бодлогыг сөрөхийн тулд хятад улстай нягт хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа далт байдлаар илэрхийлсээр байна.

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампын өндөр татвар оногдуулах шийдвэрийн хэрэгжих хугацаа 90 хоногоор хойшилсон ч Вашингтон, Бээжин хоёрын худалдааны маргаан улам гүнзгийрсээр байна. Одоо БНХАУ-ын үйлдвэрлэгчид АНУ руу бүтээгдэхүүн экспортлохын тулд багадаа 125 хувийн татвар төлөх ёстой болсон юм. Хариуд нь Хятад улс 4-р сарын 10-ны өдрөөс эхлэн Америкийн импортын бараанд ногдуулах нэмэлт татвараа 34 хувиас 84 хувьд хүргэж, хоёр гүрний харилцаа түүхэн доод түвшиндээ хүрчээ.

Тэгвэл ирэх 7-р сард Хятад, Европын холбооны удирдагч нар АНУ-ын өндөр татварын хариуд эдийн засгийн хамтын ажиллагаагаа бэхжүүлэх талаар хэлэлцэх гэж байна. Уг хэлэлцүүлгээр дэвшилтэт технологи, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, цахилгаан автомашины худалдааны хөнгөлөлт, үнийн асуудлаарх хэлэлцээрийг сэргээх төлөвтэй байна.