Өнгөрөгч шөнө БГД-ийн хэмжээнд 52 ТҮЦ-ийг нүүлгэн, шилжүүлжээ
Өнгөрөгч шөнө БГД-ын нутаг дэвсгэр дэх 52 ТҮЦ-ийг бүрэн нүүлгэж, тухайн байршлуудад цэвэрлэгээ ариутгал хийжээ. Ингэснээр 4-р сарын 4-ий өдрөөс хойш зөвхөн Баянгол дүүргийн хэмжээнд нийт 118 ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлж, нийтийн эзэмшлийн гудамж талбай, явган хүний замыг чөлөөлөөд байна. Тэгвэл тус үйл ажиллагааг түргэн үйлчилгээний цэг буюу ТҮЦ эрхлэгчид эсэргүүцэж, орлогын эх үүсвэрээс нь салгаж байгаад бухимдалтай хандаж байна.

Өнгөрөгч 4-р сарын 4-ий өдөр Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар 9 дүүргийн 204 хорооны засаг дарга нартай уулзалт зохион байгуулсан. Уулзалтын үеэр зөвшөөрөлгүй байрлуулсан ТҮЦ буюу түргэн үйлчилгээний цэгүүдийг буулгаж, яаралтай нүүлгэх шаардлагыг тавьсан. 

Тэгвэл үүнээс хойших хугацаанд зөвхөн Баянгол дүүргийн хэмжээнд нийт 118 ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлжээ. Зөвхөн өнгөрсөн шөнө л гэхэд Энхтайваны өргөн чөлөө буюу Улсын Гуравдугаар төв эмнэлгээс Баруун дөрвөн зам хүртэлх нийтийн эзэмшлийн талбай, явган хүний зам дээр байрлуулсан 37 ТҮЦ, Энэбишийн өргөн чөлөө, Амарсанаагийн гудамж дагуу нийт 15 ТҮЦ-ийг бүрэн нүүлгэж, цэвэрлэгээ ариутгал хийжээ. Гэвч нүүлгэн шилжүүлэх тус үйл ажиллагаа ТҮЦ эрхлэгчдийн эсэргүүцэлтэй тулж, багагүй хүндрэл үүссэн байна. Учир нь зарим ТҮЦ эрхлэгч нар тухайн байршилдаа түрээсийн мөнгө төлдөг, зарим нь орлогын эх үүсвэр нь ТҮЦ эрхлэх үйл ажиллагаа учир гэнэтийн энэ шийдвэрт дургүйцэж байгаагаа илэрхийлж байна.

Түц-ийг нүүлгэх эсэх талаар иргэдээс санал асуулга авч эхэлжээ. Санал асуулгыг 4-р сарын 10-17-ны өдрийг дуустал НЗДТГ-ын санал авах цахим хуудсаар авах юм байна.