Өнгөрөгч онд нийслэлийн хэд хэдэн байршилд авто замын засвар, шинэчлэл хийж бродюр солих ажлыг явуулсан. Гэвч зарим байршилд бродюр солихдоо явган хүний замыг хуулсан ч буцаан засварлаагүй тохиолдол олон байна. Тухайлбал, Дэнжийн мянгын Самбалхүндэвийн гудамжны зам засварын ажлыг 2023 онд эхлүүлсэн ч өнгөрөгч намар зогсоожээ. Тухайн ажлыг гүйцэтгэгч “Чингисийн отог” компани нь авто замын бордюрыг солих үедээ явган хүний зорчих хэсгийн замыг буцаан засварлаагүй үлдээсэн нь иргэдийг зорчиход хүндрэл учруулаад байна.
Тухайн Чингэлтэй дүүргийн Дэнжийн мянгын Хүчит шонхор захын урд талаас Нарангийн энгэрийн шинэ замаар Хувьсгалын зам хүртэлх Самбалхүндэвийн гудамжны зам засварын ажлыг 2022 онд “Чингисийн отог” ХХК тухайн үед барилга хот, байгуулалтын яамнаас “Жишиг хот” тендерээр шалгаран, ажиллаж эхэлсэн байна. Гэсэн хэдий ч өнгөрсөн жилийн намраас өнөөдрийг хүртэл зам засварын ажил зогссон хэвээр байна. Уг асуудлын талаар нийслэлийн замын хөгжлийн газраас тодруулахад, засварын ажлын захиалагчийн хяналт Нийслэлийн Барилга хөгжлийн төвөөс гэж мэдээлсэн ч яг одоогийн байдлаар хяналт тавьж, гүйцэтгэж байгаа байгууллага байхгүй байна гэж мэдээлсэн.
Харин “Чингисийн отог” ХХК компанийн зүгээс зам засварын ажил 2023 оноос ээлж дараатайгаар эхэлсэн бөгөөд өнгөрсөн онд хийгдэж дуусаагүй засвар энэ онд үргэлжлэн хийгдэнэ. Барилгын ажил эхлэх улирал болоогүй, дулаан ороогүй, газар хөлдүү байгаа учир дулаан орохыг хүлээж байна гэх хариуг өгсөн юм.