Өнгөрсөн амралтын өдрөөр АНУ даяар Д.Трампын бодлого, шийдвэрийг эсэргүүцсэн жагсаал зохион байгуулагджээ
Өнгөрөгч амралтын өдрөөр ерөнхийлөгч Д.Трампын Засаг захиргаа, бодлого арга хэмжээг эсэргүүцэн АНУ-ын олон мянган иргэн тус улсын нийслэл Вашингтон болон бусад томоохон хотуудад жагсаал зохион байгуулжээ. Жагсагчид цагаачдыг албадан гаргах, төрийн албан хаагчдыг цомхотгох, Газын зурвас болон Украины дайнтай холбоотой бодлого, шийдвэрийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлжээ.

АНУ-ын 50 мужид эсэргүүцлийн арга хэмжээ зохион байгуулагдсан бөгөөд жагсагчид "Ажилчид эрх мэдэлтэй байх ёстой", "Хаант засаглалгүй нийгмийн төлөө", "Израилыг зэвсэглэхээ боль", "Эрх мэдлээ хязгаарла" гэсэн уриа лоозонг барин жагсжээ.

Зарим жагсагчид Д.Трампын Засаг захиргаа цагаачдыг албадан гаргаж байгаа нь хүний эрхийн зөрчил, мөн төрийн албан хаагчдыг бөөнөөр нь цомхотгож байгаа нь хууль ёсны дагуу шийдвэр биш гэж ярьсан байна. Түүнчлэн Д.Трампын Засаг захиргаа их дээд сургуулийн бие даасан байдал, сургалтын хөтөлбөр, нийгмийн үзэл баримтлалд халдаж, санхүүжилтийг царцаана гэж сүрдүүлснийг эрс эсэргүүцэж байгаагаа жагсагчид хэлжээ.

Арга хэмжээний үеэр жагсагчид Украины улс, ард түмнийг дэмжиж байгаагаа илэрхийлж, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путины түрэмгийллийг зогсоохын тулд шийдэмгий хариу арга хэмжээ авахыг Д.Трампын Засаг захиргаанаас шаардаж байлаа.

Өнгөрсөн 1-р сард АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөснөөсөө хойш холбооны засгийн газрын 200 мянга алба хаагчдыг ажлаас чөлөөлөх ажлыг гардан гүйцэтгэж, засгийн газрын дэргэдэх хүмүүнлэгийн болон төрөлжсөн агентлагуудыг татан буулгаж эхэлсэн юм.

Мөн Д.Трампын Засаг захиргаа гадаадын оюутнуудын эрхийг хязгаарлаж, олон талт байдал, тэгш эрх, хамруулах хөтөлбөр, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх санаачилгыг цуцалж, санхүүжилтийг царцаана гэж сүрдүүлсэн юм.

Эсэргүүцлийн жагсаал Нью-Йорк, Чикаго зэрэг олон арван томоохон хотод зохион байгуулагдсан төдийгүй Д.Трампыг албан тушаалдаа орсноос хойш хоёр дахь удаагаа тус улсын хэмжээнд эсэргүүцлийн арга хэмжээ өрнөж байна.