Украины ерөнхийлөгч Володимир Зеленський ОХУ-ын удирдагч Владимир Путины тавьсан саналд шууд хариу өгөөгүй ч тэрээр өдөр тутмын видео мэдэгдэлдээ иргэний дэд бүтцэд халдан довтлохыг зогсоох тухай хэлэцээнд үргэлж бэлэн гэж хэллээ.
Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп Орос, Украин хоёр улсын удирдагч, тэр дундаа Владимир Путин энхийн хэлэлцээ, гал зогсоох чиглэлд тодорхой ахиц дэвшил гаргахгүй бол Вашингтон зуучлагчийн үүргээсээ татгалзахад бэлэн байна гэж сүрдүүлсэн юм.
Мөн Цагаан ордны зарим нэрээ нууцалсан эх сурвалжуудын хэлснээр Д.Трамп энхийн хэлэлцээ бүтэлгүйтвэл Украин руу илгээх зэвсэгт тавьсан хязгаарлалтыг цуцалж, дайныг дараагийн шатанд гаргах нөөц төлөвлөгөөтэй байж магадгүй гэсэн юм.
Өнгөрсөн амралтын өдрөөр буюу Улаан өндөгний баярыг тохиолдуулан В.Путин дайны галыг 30 цагийн хугацаанд зогсоохыг үүрэгдсэн юм. Гэхдээ нэг талт эвлэрлийн гэрээ хэрэгжсэн ч дайсагнагч талууд үүнийг зөрчсөн гэж харилцан нэгнээ буруутгаснаар гал зогсоох итгэл найдвар хөсөрдсөн юм.
Ирэх Лхагва гарагт Лондон хотноо АНУ тэргүүтэй Өрнөдийн улс орнуудын хууль тогтоогчид гурван жил гаруйн хугацаанд үргэлжилж байгаа дайн байлдааны ажиллагааг зогсоох арга замыг олох, энхийн хэлэлцээрийн төлөвлөгөөг боловсруулах асуудлаар хоёр дахь шатны хэлцэл хийх гэж байна. Гэхдээ төлөөлөгчид В.Путины гал зогсоох саналыг хэлэлцээний сэдэвт багтаахгүй гэж эх сурвалжууд хэлж байна.
Даваа гарагт В.Путин Улаан өндөгний баярын үеэр дайны галыг богино хугацаанд зогсоосон ч даваа гаргаас тулаан дахин эхэлсэн гэж мэдэгдлээ. Үргэлжлүүлэн тэрээр "Бид аливаа энх тайвны төлөөх санаачилгад эерэг, нээлттэй ханддаг тухайгаа ярьсаар өдийг хүрсэн. Мөн Киевий дэглэмийн гишүүд ч ийм бодолтой байгаа гэж найдаж байна” хэмээн хэлжээ.