З.Энхбаяр: Гэрээний шатанд байгаа зээлд найдаж бетон хананы ажилд урьдчилан санхүүжилт олгосон байж болзошгүй
“Сэлбэ сэргэлт” төслийн хүрээнд тус голын эрэг дагуу 1.4 км урттай бетон хана бүхий далангийн ажил хийгдэж байгаа. Тэгвэл тус ажлын тендер ил тод зарлагдсан ч шалгарсан байгууллагуудын нөхцөл, гүйцэтгэх үүрэг, санхүүжилт зэрэг нь тодорхой бус байна. Мөн төсөлд бүхэлд дүн шилжилгээ хийхэд гэрээний шатанд байгаа хятадын санхүүжилт буюу улсын ч, нийслэлийн ч төсөвд тусгагдаагүй зээлд найдаж өмнөх санхүүжилтийг олгосон байх магадлалтай гэж дүгнэгджээ.

Нийслэл хотын төв хэсгээр урсдаг сэлбэ гол нь байгаль орчны тэнцвэрийг хадгалж, иргэдийн амьдрах орчинд эерэг нөлөө үзүүлдэг. Мөн борооны усыг зайлуулах, хөрсний усыг нөхөн сэргээх зэрэг ач холбогдолтой. Гэвч 2023 онд хэдэн өдрөөр үргэлжлэн орсон борооны улмаас сэлбэ голын ус үерлэж далан нурснаас үүдэж иргэд болоод улс их хэмжээний хохирол амссан. Энэ нь барилга байгууламжийн нягтаршил, газар олголт зэрэг төлөвлөлтгүй дэд бүтцээс үүдсэн байна. 

Үүнтэй холбоотойгоор үерт автсан Сэлбэ голын дагуу нийт 21.6 километр авто болон явган хүний зам, үерийн далан, ногоон байгууламж, тохижилтыг байгуулахаар иж бүрэн төсөл хэрэгжиж эхэлсэн. Тус төслийн хүрээнд 1.4 км урт үргэлжлэх төмөр бетон хана бүхий далангийн ажил хийгдэж байгаа юм. Тэгвэл тус төсөл батлагдсан, тендер зарлагдаж, шалгарсан байгууллагуудын талаарх мэдээлэл нээлттэй мэдээллийн сан, бүтээн байгуулалттай холбоотой захирамж, шийдвэр, худалдан авах ажиллагааны төлөвлөгөө зэрэгт байршаагүй байна.

Тухайлбал одоогийн бүтээн байгуулалтыг хийж байгаа билгүүнмонгол констракшн гэх байгууллага 20 тэрбум төгрөгөөр хийж байгаагаа мэдээллсэн. Гэсэн хэдий ч тус компанийн тендерт шалгарсан баримт, нотолгоо болон ажлын гэрээг байгуулсан эсэх ажлын даалгавар зэрэг байхгүй байна. Түүнчлэн сангийн яамнаас 2024 онд 1.9 тэрбум, 2025 онд 1.2 тэрбум төгрөгийн санхүүжилтийг тус тус авчээ.

Мөн далангийн ажил дууссаны дараа тохижилтын ажлыг хийх бөгөөд санхүүжилтыг хятадын банкны хөрөнгө оруулалтаар шийдвэрлэх тухай холбогдох байгууллагууд дурдаж байсан. Гэсэн хэдий ч гэрээний шатанд байгаа зээлд найдаж өмнөх санхүүжилтыг олгосон байх магадлалтай байна.

Түүнчлэн “Сэлбэ сэргэлт” төсөл нь нийт 400 тэрбум төгрөгийн өртөгтэй гэх албан бус мэдээлэл байна. Тэгвэл далан барих зэрэг олон тооны жижиг төслүүдэд хувааж тодорхойгүй байдлыг үүсгэж байна гэдгийг албаныхан хэлж байсан юм.