Энэ сарын эхээр Санкт-Петербург хотноо Д.Трампын тусгай элч Стивв Виткофф, оху-ын ерөнхийлөгч В.Путин нарын уулзалтын үеэр Украины хэсэгчлэн эзлэгдсэн дөрвөн мужид хяналтаа тогтоох асуудлыг хөндсөн юм байна. Дэлгэрэнгүй тайлбарласнаар В.Путин ОХУ-ын зэвсэгт хүчний хяналтаа тогтоосноос бусад газар нутгийг украины эрхшээлд үлдээх нөхцлийг хүлээн зөвшөөрсөн буюу одоо байгаа фронтын шугам дагуу дайныг зогсоох саналтай байгаа гэж Financial Times сонин мэдээллээ. ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин Донецк, Луганск, Херсон, Запорожье дөрвөн мужийн газар нутагт нэхэмжлэл гаргахгүй, энхийн хэлэлцээг шууд эхлүүлэхэд бэлэн байж магадгүй байна.
Үүний хариуд АНУ-ын Засгийн газар 2014 онд ОХУ-ын хууль бусаар газар нутагтаа нэгтгэсэн Крымын хойгийн бүрэн эрхт байдлыг хүлээн зөвшөөрөх, Украиныг нато-д элсэхийг хориглох зэрэг Оросын бусад томоохон шаардлагыг хүлээн зөвшөөрч магадгүй байна. Харин Украин болон түүний Европын холбоотнууд 2014 оноос өмнөх хилийн зурвасыг хүчин төгөлдөр гэж үзэж байгаа бөгөөд одоо байгаа фронтын шугамаар хилийн зурвас тогтоох нь учир дутагдалтай гэж хэдийн мэдэгдсэн юм. Үүнтэй холбогдуулан АНУ-ын батлан хамгаалахын сайд пит хэгсет украин болон ЕХ-ны саналыг"Бодит бус" гэж тодорхойлсон байна.
Ямартай ч өнгөрсөн долоо хоногт АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп Орос, Украин хоёр улсын удирдагчдыг энхийн хэлэлцээнд бодитоор анхаарал хандуулж, гал зогсоох тохиролцоонд хүрэхгүй бол дайсагнагчдыг хооронд зуучлагчийн үүрэг гүйцэтгэхгүй гэдгээ анхааруулсан нь үр дүнд хүрч эхэлсэн бололтой.
Мөн АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трампын тусгай элч Стив Виткофф энэ долоо хоногт дахин Москва хотноо зочилж, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй Украины дайны асуудлаарх хоёр дахь шатны хэлэлцээ хийнэ гэж Цагаан ордноос мэдэгдлээ.
Мягмар гарагт Д.Трамп “Дэлхий дахин энх тайвныг хүсэж байна. Энэ дайныг дуусгахыг хүсэж байна” хэмээн хэлж, дайсагнагчид удахгүй тохиролцоонд хүрнэ гэдэгт бүрэн итгэлтэй байгаагаа хэлжээ.