Д.Трамп арав гаруй жилийн өмнө буюу Барак Обамагийн засаглалын үед ОХУ-д алдсан Крымын хойгийн газар нутгийг эргүүлэн Украин улсын эрхшээлд авах тухай Володимир Зеленськийгийн төлөвлөгөөг биелэгдэшгүй мөрөөдөл гэж үзэж байна. Өнгөрсөн 1-р сард Д.Трамп АНУ-ын ерөнхийлөгчийн тангараг өргөснийхөө дараагаас Украиныг хэлэлцээний ширээний ард суулгахын тулд шахалт үзүүлж байгаа ч тэрээр ОХУ-ын эрх баригчидтай илүү дипломат арга барилаар харилцаа тогтоож байгаа нь нууц биш юм.
Тэгвэл Лхагва гарагт АНУ-ын дэд ерөнхийлөгч Ж.Д.Вэнс Вашингтоны боловсруулан энхийн хэлэлцээрийн саналыг Орос, Украин хоёр улс хүлээн авахгүй бол цаашид Д.Трампын засаг захиргаа дайсагнагчдын хооронд зуучлагчийн үүрэг гүйцэтгэхгүй гэж анхаарууллаа. Мөн Ж.Д.Вэнс АНУ-ын санал болгож байгаа энхийн хэлэлцээрийн гол үндэс суурь нь одоо байгаа фронтын шугамын дагуу дайныг дуусгаж, гал зогсоох бөгөөд ингэснээр дайсагналыг зогсоож, урт хугацааны энх тайванд ойртох боломж гэж найдаж байгаагаа тэрээр хэллээ. Үүнээс гадна өнгөрөгч мягмар гарагт ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин одоо байгаа фронтын шугамаар дайныг зогсоох саналыг хүлээн зөвшөөрч байна гэж мэдэгдсэн юм.
Лхагва гарагт Ж.Д.Вэнс мэдэгдэл хийсний дараа Украин ерөнхийлөгч Володимир Зеленський 2014 онд хууль бусаар ОХУ-ын газар нутагт нэгтгэсэн Крымын хойгийн газар нутгийн эзэмшлийн асуудалд буулт хийхгүй гэдгээ анхааруулжээ. Тэрбээр "Энд ярих зүйл алга. Крымыг тавьж өгөх нь Украин улсын үндсэн хуультай харшилж байна" гэж цахим хуудастаа бичжээ. Мөн Володимир Зеленський өөрийн мэдэгдэлдээ 2018 онд АНУ-ын Төрийн Нарийн бичгийн даргын албан тушаалыг хашиж байсан Майк Помпеогийн бичсэн “Крымын хойгийг хүчээр булаан авсан ОХУ-ын үйлдлийг Вашингтоны тал хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй” хэмээх захидлыг хавсаргажээ.
Үүнтэй холбогдуулан АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп цахим хуудастаа өөрийн байр суурийг илэрхийлсэн бөгөөд 2014 онд Барак Обамагийн засаглалын үед ОХУ-д алдсан Крымын хойгийн газар нутаг нь одоо үргэлжилж байгаа дайны гол тулах цэг биш бөгөөд тус бүс нутгийн статусыг хүлээн зөвшөөрөөч гэж хэн ч Украин улсаас гуйхгүй хэмээн хатуухан тайлбарыг өгчээ. Гэхдээ төд удалгүй Д.Трамп Орос, Украины удирдагчидтай тохиролцсон гэж бодож байгаагаа хэвлэлийн хурлын үеэр хэлжээ.