Технологийн хөгжил олон талын боломжыг бий болгож байгаа хэдий ч зарим төрлийн сорилтуудыг ч мөн адил үүсгэсээр байна. Тухайлбал сүүлийн жилүүдэд Youtube, Facebook, Intstagram зэрэг ппатформын хэрэглэгч нэмэгдэн дэлгэцийн хамааралтай болж байгаа иргэдийн тоо улам өсөж байна. Ялангуяа Youtube хэрэглэгчдийн тоо эрс нэмэгдсэн бөгөөд иргэд хамгийн багадаа өдөрт 2 цаг ашигладаг байна.
Тэгвэл Youtube платформоос төрөл бүрийн утга агуулга бүхий контентүүдийг үзэх нь хүний сэтгэл зүй болон биеийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг байна.
Дэлгэцийн хамааралд бага насныхан ч өртөж байна. Угтаа 2 хүртэлх насны хүүхдийн дэлгэц үзэх цаг 0 буюу дэлгэцээс ангид байх шаардлагатай юм байна. Харин 2-4 насны хүүхдүүд 1 цагаас хэтрүүлэхгүй байх ёстой гэх судалгаа байдаг. Гэсэн хэдий ч эцэг эхчүүдийн хараа хяналтгүй байдлаас үүдэн бага насны хүүхдүүд дэлгэцээс хамааралтай болсоор байна. Энэ нь даамжирсаар тухайн хүүхдийн зан байдалд нь өөрчлөлт оруулж, анхаарал дутмагших зэрэг сэтгэл зүй, оюун санаа болон сэтгэцийн гэмтэлт өртүүлдэг байна.
Иймд эцэг эхчүүд хүүхдийнхээ юу үзэж харж байгааг сайтар нягтлах шаардлагатай байна. Учир нь бага насны хүүхдүүд нийгмийн сүлжээний хэт өдөөсөн агуулгатай, тод өнгө будаг бүхий маш богино буюу 1-2 секундын, өндөр ритмтэй бичлэгийг удаан хугацаагаар үзэх нь хүүхдийн тархинд сөрөг нөлөө үзүүлдэг байна.
Иймээс сөрөг, аюултай зүйлсээс өөрийгөө хамгаалах чадваргүй бага насны хүүхдийн зан байдал болоод сэтгэл зүйн эрүүл мэндийг хамгаалах хэрэгтэй байна. Мөн эцэг эхчүүд болон боловсролын байгууллагуудад энэ чиглэлийн мэдлэг, ойлголтыг түгээх шаардлага тулгараад байна.