Ховд аймагт “Чандмань уушир” ХХК-ийн барьж байсан 40 айлын орон сууцны барилгын талбайд 11 хүн өндрөөс унаж, 3 хүн нас барсан хэрэг гарчээ. Урьдчилсан байдлаар тухайн барилгын талбайд өргөгч төхөөрөмжтэйгөө унаснаас үүдэж осол гарсан гэж тогтоогджээ.
Өнгөрөгч 2023 онд хийгдсэн судалгаагаар барилгын салбарт сүүлийн 5 жилийн байдлаар 170 орчим осол аваар гарсан гэж бүртгэгджээ. Барилгын салбар дахь осол аваар буурахгүй байгаа гол шалтгаан нь хуулийн хэрэгжилт хангалтгүй байгаатай холбоотой гэдгийг салбарын мэргэжилтнүүд хэлж байна. Нэн ялангуяа алслагдсан аймаг сумдад хот байгуулалтын тухай хууль болоод барилгын тухай хууль огт хэрэгждэггүй тэдгээрийг ч дагаж мөрддөггүй байна. Барилга барих ажлыг эхлүүлэхд 10 гаруй зөвшөөрөл авах шаардлагатай байдаг байна. Гэвч осол гарсан Ховд аймагт баригдаж байгаа орон сууцын ажлыг эхлүүлэхдээ зөвхөн газрын зөвшөөрөлтэй байсан бөгөөд барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл аваагүй байж болзошгүй мэдээллийг салбарын төлөөлөл өгсөн юм.
Энэхүү асуудал гарахтаа зэрэгцэн барилгын салбарынхан чуулж, салбарт өрнөж байгаа тулгамдсан асуудлуудыг хэлэлцсэн юм. Хуралдаанд оролцогсдын зүгээс тухайн салбарын хуулийн хэрэгжилт хангалтгүй байгаагаас шалтгаалан олон эрсдлүүд үүсэж байгааг онцолсон юм.
Хэдийгээр хууль эрхзүйн орчин хангалтгүй байгаа хэдий ч нөгөө талаас тухайн салбарт ажиллагсад өөрсдөө хөдөлмөрийн аюугүй байдлаа хангах заасан стандарт дүрэм журмыг мөрдөж аливаа осол аваараас урьдчилан сэргийлэх зайлшгүй шаардлага байгаа юм.