БНЭУ-аас ОХУ-д суугаа элчин сайд АНУ-ын Засгийн газрын татварын бодлого, эдийн засгийн хориг арга хэмжээ, газрын тосны арилжаатай холбоотой асуудлаар байр сууриа илэрхийлжээ. Тэрээр “Энэтхэг улс 1.4 тэрбум хүн амынхаа эрх ашгийг хамгаалахын тулд "Хамгийн сайн санал тавьж байгаа аль ч улс орноос газрын тос худалдан авсаар байна” гэж мэдэгдлээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэг улсын бараа бүтээгдэхүүний импортод 50 хүртэлх хувийн татвар оногдуулахаар зэхэж байгаа нь тус улс оросын газрын тос, зэр зэвсгийг худалдан авч байгаатай нь холбоотой шийтгэл гэж тайлбарлаж байгаа юм. Энэтхэг улсаас ОХУ-д суугаа элчин сайд Винай Кумар “АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп ОХУ-д эдийн засгийн дарамт шахалт үзүүлэх замаар Украины дайныг зогсоохын тулд Энэтхэг улсад хоёрдогч татвар оногдуулах гэж байна.” хэмээн хэллээ. Үргэлжлүүлэн тэрээр Энэтхэгийн гадаад худалдаа нь зах зээлийн хүчин зүйл дээр суурилж, хүн амын эрчим хүчний аюулгүй байдлыг хангах нь тэргүүлэх чиглэл хэвээр байна хэмээн онцлон тэмдэглэжээ. Мөн Д.Трампын хоёрдогч татвар ногдуулах шийдвэр нь "Шударга бус, үндэслэлгүй " гэсэн Энэтхэгийн байр суурийг дахин илэрхийллээ.
Дайн эхэлснээс хойш Энэтхэг нь Оросын хямд түүхий нефтийг ангуучлах болсноор АНУ-тай харилцаагаа хурцатгаж, худалдааны хэлэлцээр, гаалийн татварын асуудлаар нөхцөл байдал дордсон юм. Өдгөө Энэтхэг улс Оросын түүхийн нефтийн экспортын бараг 40 хувийг хүлээн авч байгаа юм. Энэтхэг Оросоос газрын тос худалдаж авсан нь Украины дайныг санхүүжүүлж байна гэж АНУ буруутгаж байгаа ч Шинэ Делигийн тал хүлээн зөвшөөрөхгүй хэвээр байна. Мөн Энэтхэгийн Засгийн газар Орос-Украины дайныг "Яриа хэлэлцээ, дипломат арга замаар энхийн замаар шийдвэрлэхийг" удаа дараа уриалж байсан ч барууны орнуудын шахалтаас үл хамааран Оросын түрэмгийллийг ил тод шүүмжилж, буруутгахаас зайлсхийсээр ирсэн.