Вьетнамын эрх баригчид далайн хар салхины өмнө 500 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлэхийг тушаажээ

Кажики хар салхи Вьетнамын газар нутгийн тодорхой хэсгийг дайран өнгөрөх төлөвтэй байгаа тул тус улсын эрх баригчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж 600 мянга орчим хүнийг нүүлгэн шилжүүлэх тушаал гаргажээ. Одоогоор энэ хар салхины хурд 166 километр цагт хүрсэн бөгөөд өнөөдөр буюу Даваа гарагт Вьетнамын эрэгт хүрэхдээ хурд нь улам нэмэгдэх төлөвтэй байгааг цаг уурын байгууллагаас анхааруулжээ.

Вьетнамын эрх баригчид төвийн Хань Хоа,Куанг Три, Хуэ, Да Нанг мужуудын оршин суугчдыг орон гэрээ орхин, шилжин суурьшихыг үүрэгдэж, нүүлгэн шилжүүлэх ажиллагааг эрчимжүүлэхийг холбогдох албадад үүрэгдсэн байна. Хятадын Хайнань арлыг дайран өнгөрсөн хар салхины үеэр 320 мм хур тунадас орох төлөвтэй байгааг Вьетнамын цаг уурын байгууллагаас мэдээлсэн байна.

Кажики хар салхи Вьетнамын нутаг дэвсгэрийг дайран өнгөрсний дараа салхины эрч нь сулрах төлөвтэй байгаа ч тус улсад 200 км/цагийн хурдтай салхи шуурч, 300-400 мм хур тунадас орох төлөвтэй байгааг олон улсын цаг уурын байгууллагаас мөн мэдэгдлээ.

Энэ хар салхи нь өнгөрсөн оны 9-р сард болсон Яги хар салхи шиг сүйрэл дагуулж болзошгүй гэж Вьетнамын эрх баригчид хэвлэлд ярьсан байна. Яги хар салхины үеэр Вьетнам улсад 300 хүн амь үрэгдэж, олон тэрбум ам.долларын дэд бүтцийн хохирол учирсан юм.