Улсын цэцэрлэгийн даац хэтэрснээс зарим хүүхэд хувийн цэцэрлэгт хуваарилагджээ

Нийслэлд цэцэрлэгийн хүүхдүүдийн бүртгэл дуусаж, 135 мянга гаруй хүүхэд цэцэрлэгт хуваарилагджээ. Тэдний зарим нь хувийн цэцэрлэгт хуваарилагдсан бөгөөд хувийн цэцэрлэгийн сарын төлбөр 275 мянган төгрөгөөс 18 сая төгрөгийн хооронд хэлбэлзэж байна. Энэ нь эцэг эх, асран хамгаалагчдын хувьд хүндрэлтэй байгаа бөгөөд улсын цэцэрлэг рүү шилжүүлэхийг хүссэн ч улсын цэцэрлэгийн даац хэтэрсэн учир авах боломжгүй нөхцөлд хүрээд байна. 

Энэ жил улсын хэмжээнд 278 мянга гаруй хүүхэд цэцэрлэгт хамрагдах бөгөөд үүнээс 57 хувь буюу 135 мянга нь нийслэлд бүртгэлтэй байна. Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг энэ сарын 4-18-ны өдрүүдэд “Е-Mongolia” платформоор хүлээн авсан бөгөөд хүсэлтийн хариуг 19-22-ны өдрүүдэд эцэг эх, асран хамгаалагчдын бүртгэлтэй дугаарт илгээжээ. Энэ хугацаанд 110 мянга гаруй хүсэлт ирснээс 101 мянга гаруй нь баталгаажсан байна. Гэвч хувийн цэцэрлэгт хуваарилагдсан хүүхдүүдийн төлбөрийн 50 хувийг төрөөс даах, үлдсэн 50 хувийг эцэг эх, асран хамгаалагчид гаргах зохицуулалт байдаг. Нийслэлийн хувийн цэцэрлэгүүдийн сарын төлбөр харилцан адилгүй бөгөөд 275 мянгаас 18 сая төгрөгт хүрч байна. Өндөр төлбөртэй хувийн цэцэрлэгт хуваарилагдсан эцэг эх, асран хамгаалагчдын хувьд энэ нь тодорхой хэмжээний санхүүгийн дарамт үүсгээд байгаагаа хэлж байна. 

Нэг айлын 3 хүүхэд хувийн цэцэрлэгт хуваарилагдаж, сард 1 сая гаруй төгрөгийн төлбөр төлөх нөхцөл байдал үүсээд байна. Мөн цэцэрлэгт элсэх хүсэлт нь түдгэлзсэн 9 мянга гаруй хүүхэд байгаа юм. Тэдгээр хүүхдүүд ихэвчлэн хаягийн өөрчлөлт, шилжилт хөдөлгөөний асуудлаас үүдэлтэй гэж холбогдох байгууллагууд мэдээлэв. Эдгээр хүүхдийг цэцэрлэгт бүртгүүлэхийн тулд эцэг эх, асран хамгаалагч нь шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлж, харьяа цэцэрлэгт хүсэлт гаргах боломжтой аж. Гэсэн хэдий ч нийслэлийн цэцэрлэгүүдийн ачаалал эрс нэмэгдэж, зарим нь даацаа хэтрүүлж, багтаамжаасаа хоёр дахин их хүүхэд элсүүлсэн нь сургалтын орчин, хүүхдийн хөгжилд хүндрэл үүсгэж байгааг салбарынхан онцолж байна.

Цэцэрлэгийн бүртгэл ажлын талаарх асуудлаар Боловсролын ерөнхий газраас тодруулахад ямар нэгэн яриа өгөх боломжгүй, дүүргийн харьяа боловсролын газар болон тухайн нэгж байгууллагаас яриа авна уу гэх хариуг өгөөд байгаа юм.