Сургуулийн тохижилтын тендер хугацаандаа зарлагдаагүйгээс 15 мянга гаруй хүүхэд сургууль, цэцэрлэгтээ явж чадахгүй байдалд хүрээд байна

Энэ хичээлийн жил эхлэхээс өмнө сургуулийн тохижилт, тоног төхөөрөмжийн тендер хугацаандаа зарлагдаагүйгээс төсөл цуцлагдаж, нийслэлд барилга нь ашиглалтад орсон ч ширээ, сандалгүй 16 сургууль, 20 цэцэрлэг хүүхдүүдээ хүлээн авч чадахгүй байдалд хүрээд байгаа юм. Үүний улмаас нийт 15 мянга гаруй хүүхэд сургууль, цэцэрлэгтээ суралцах боломжгүй болоод байгаа бөгөөд уг асуудлыг Засгийн газрын энэ долоо хоногийн хуралдаанаар хэлэлцэж, богино хугацаанд эцэслэн шийдвэрлэхээр төлөвлөжээ.

Боловсролын яамнаас энэ хичээлийн жилээс өмнө сургуулийн тохижилт, тоног төхөөрөмжийн тендер зарлахаар төлөвлөсөн ч хуульд заасан хугацаандаа зарлаж чадаагүйгээс болж уг төсөл цуцлагдсан. Ингэснээр улсын хэмжээнд ашиглалтад орох байсан хэд хэдэн сургууль, цэцэрлэгийн тохижилт, их засварын ажил зогсож, нийт 15 мянга гаруй хүүхэд сургууль, цэцэрлэгтээ явж чадахгүй байдалд ороод байна. 2025 оны улсын төсөвт зөвхөн сургуулийн ширээ, сандал болон бусад эд хогшилд зориулж 32 тэрбум төгрөгийн санхүүжилт тусгагдсан ч тендер зарлагдаагүй, хугацаа хэтэрсэн тул хууль ёсоор төсөв хүчингүй болсон. Энэ нь эцэг эхчүүдийн бухимдлыг төрүүлж, шүүмжлэл дагуулсаар байгаа юм.

Хэмнэлтийн тухай хуулийн дагуу зургаадугаар сарын 1-ээс өмнө худалдан авах тендер зарлагдаагүй тохиолдолд уг төсвийг татан авах журам үйлчилдэг. Ийнхүү тендерийг хугацаанд нь зарлаж чадаагүйн улмаас 11 тэрбум төгрөгийн санхүүжилт татагдаж, нийслэлийн хэмжээнд 16 сургууль, 20 цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулсан боловч сандал, ширээ, тоног төхөөрөмж зэрэг байхгүй улмаас хүүхдүүдээ хүлээж авч чадахгүй нөхцөл үүссэн байна.

Тэгвэл энэ талаарх асуудлыг энэ Лхагва гарагийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, тогтоолыг Боловсролын яамд гардуулан өгнө. Ингэснээр барилгын ажил нь дууссан ч ширээ, сандал, тавилга хэрэгсэлгүй 17 сургуулийн асуудлыг шийдвэрлэж, богино хугацаанд хичээл, сургалтын үйл ажиллагааг эхлүүлэх боломж бүрдэнэ гэж албаны эх сурвалж мэдээллээ.