Их Британи, Франц, Герман улсууд НҮБ-аас Ираны эсрэг хэрэгжүүлж байсан хориг арга хэмжээг дахин сэргээхээр бэлтгэж байна

НҮБ-аас Ираны цөмийн хөтөлбөрийн хөгжүүлэлтийг хязгаарлах зорилгоор авч хэрэгжүүлж байсан хориг арга хэмжээг дахин сэргээхээр болсныг Их Британи, Франц, Герман гурван улсын хамтарсан мэдэгдэлд онцолжээ. Энэ долоо хоногийн дундуур Швейцарын Женев хотноо дээр дурдсан Европын гурван улсын гадаад хэргийн дэд сайд нар Ираны хууль тогтоогчидтой уулзаж, Тегераныг Вашингтонтой цөмийн хэлэлцээгээ сэргээхийг шаардсан юм.

Женев хотноо болсон хэлэлцээгээр энэ сарын эцэс гэхэд Иран улс тэдний цөмийн хөтөлбөртэй холбоотой хурцадмал байдлыг дипломат арга замаар шийдвэрлэхийг зөвшөөрөхгүй бол Европын гурван улс Тегераныг онилсон НҮБ-ын хориг арга хэмжээг эргэн сэргээх хүчин чармайлт гаргана гэж анхааруулсан юм. 2015 онд байгуулсан цөмийн хэлэлцээрийн дагуу хориг арга хэмжээг 2016 оны 1-р сард НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн 2231-р тогтоолоор цуцалж байсан юм. Гэхдээ 2018 онд тухайн үеийн АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп нэг талын шийдвэрээр гэрээнээс гарч Ираныг дахин өөрийн хоригтоо багтаасан байдаг юм. 

Харин өнгөрөгч Пүрэв гарагт гурван улс хамтарсан мэдэгдэл хийж, Иран 2015 онд батлагдсан хэлэлцээрийг зөрчиж байгааг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд мэдэгдэн хориг арга хэмжээг эргэн бүрэн утгаар нь сэргээх компанит ажил нь эхэлсэн гэж анхаарууллаа. Хамтарсан мэдэгдэлд Ираны баяжуулсан ураны нөөц нь "Иргэний зориулалтаар ашиглах үндэслэлгүй" гэж бичжээ. Мөн Ираны цөмийн хөтөлбөр нь "Олон улсын энх тайван, аюулгүй байдалд тодорхой аюул заналхийлсээр байгаа тул хариу арга хэмжээнд бэлэн байх ёстой”  хэмээн цааш дурдсан байна. 

Баасан гарагт Ираны гадаад хэргийн яам хариу мэдэгдэл хийж, “Гурван улсын мэдэгдэл нь хууль бус бөгөөд үндэслэлгүй” гэж тайлбарлалаа. Мөн Иран улсын ураны баяжуулалт нь бүхэлдээ цахилгаан эрчим хүч, иргэний зориулалтаар ашиглагдана гэж уламжлалт тайлбараа өгсөн байна. 

Ираныг дэмжигч орнууд хориг арга хэмжээг сэргээхээс сэргийлэх чиглэлээр ажиллаж байна. ОХУ-ын байнгын төлөөлөгчийн нэгдүгээр орлогч Дмитрий Полянский Орос Хятад хоёр  улс дипломат аргаар асуудлыг шийдвэрлэхийн тулд зургаан сарын хэлэлцээ хийх тухай Аюулгүйн зөвлөлийн тогтоолын төслийг өргөн мэдүүлнэ гэж мэдэгджээ. Одоо НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн санал хураалтаар хоригийг сэргээх эсэх дээр санал хураалт явуулах төдийгүй 30 хоногийн дотор албан ёсны шийдвэр гарах ёстой юм байна.