Өнөөдөр буюу Баасан гарагт БНСУ-ын прокурорын тусгай баг тус улсын тэргүүн хатагтай асан Ким Кеон Хиг авлига, хээл хахуулийн хэрэгт буруутган яллах гэж байна. Прокурорууд түүнийг хөрөнгийн зах зээлийн тухай хууль, улс төрийн санхүүжилтийн тухай хуулийг зөрчиж авлигын хэрэгслийг бусдад зуучилсан үндэслэлээр шалгаж байсан юм.
Тэргүүн хатагтай асан Ким-г хувьцааны хууль бус үйл ажиллагаанд оролцсон, 2022 оны парламентын нөхөн сонгууль болон 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийг тодруулахад хөндлөнгөөс нөлөөлж мөн оролцсон, түүнчлэн бизнесийн ашиг сонирхлын төлөө бөөгөөр дамжуулан нэгдлийн сүмээс тансаг бэлэг авсан зэрэг хэрэгт яллагчаар татжээ.
Энэ сарын 12-ны өдөр прокурорууд Ким Кеон Хиг баривчлах хүсэлт гаргасныг Сөүлийн тойргийн шүүхээс зөвшөөрснөөр тэрээр БНСУ-ын түүхэнд баривчлагдсан анхны тэргүүн хатагтай болсон юм.
Прокурорууд тэргүүн хатагтай асныг Сөүлийн урьдчилан цагдан хорих төвд саатуулжээ. Хатагтай Ким баривчлагдсанаасаа хойш таван удаа байцаагдсан ч дуугүй байх эрхээ эдэлж, өмгөөлөгчөөрөө дамжуулан мэдүүлэг өгсөн гэж Өмнөд Солонгосын хэвлэлээр мэдээллээ. Тэгвэл гэргий нь ийнхүү авлига, хээл хахуулийн хэрэгт буруутгагдаж буй энэ үед Уйван дахь Сөүлийн цагдан хорих төвд тус улсын ерөнхийлөгч асан Юн Сок Ёль орон даяар цэргийн дэглэм тогтоохыг завдсан хэргээр хоригдсоор байна.