Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, явган зорчигчийн замыг чөлөөлөх, мөн нийтийн эзэмшлийн талбайг эмх цэгцтэй байлгах зорилгоор өчигдрөөс эхлэн нийслэлд түрээсийн мопед, скүүтэрийг зориулалтын бус газарт орхисон тохиолдолд ачиж, журамлаж эхэллээ.
—Тээврийн цагдаагийн албаны мэдээлснээр скүүтэр, мопедыг өдөрт 18 мянга орчим хүн түрээсээр ашигладаг байна. Гэвч цахилгаан дугуй, скүүтэр, мопедоос үүдэлтэй осол, гэмтэл өдөр бүр бүртгэгдэж, иргэд амь нас, эд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохирсоор байгаа.
—Энэ он гарснаас хойш улсын хэмжээнд 2 дугуйт тээврийн хэрэгслээс үүдэлтэй нийт 470 осол бүртгэгдсэн байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 100 орчим тохиолдлоор нэмэгдсэн үзүүлэлт юм.
—Тэгвэл ослоос урьдчилан сэргийлж, нийслэлийн зам талбайд замбараагүй байршуулсан түрээсийн 2 дугуйт тээврийн хэрэгслийг цэгцлэх зорилгоор бага тойруугийн 105 байршилд 2460 ширхэг тэмдэг, тэмдэглэгээ бүхий мопед, скүүтэрийн зогсоол хийжээ. Ингэснээр өчигдрөөс эхлэн түрээсийн мопед, скүүтэрийг хэрэглэгчид зориулалтын зогсоолд нь байршуулаагүй бол ачиж, журамлаж байна.
—Мотоцикл, суррон, мопед, скүүтэр тус бүрийг 30.000 төгрөгөөр торгох хүртэл арга хэмжээ авах бөгөөд түрээсийн үйлчилгээ эрхлэгчид өөрсдийн техникээ арчлах, зориулалтын зогсоолд байршуулах, иргэдэд төвөг, чирэгдэл болохгүй байх зэрэгт үүрэг хариуцлага хүлээх юм байна.
Тус зохицуулалтад зориулалтын зогсоол бус явган хүний зорчих хэсэгт түрээсийн унаа орхисон тохиолдол ачиж журамлан, торгох арга хэмжээ авна. Ингэхдээ зөвхөн 2 тохиолдолд ачихгүй. Үүнд түрээсийн 2 дугуйт тээврийн хэрэгслийн цэнэг болон хэрэглэгчийн хэтэвч дэх мөнгө дууссан тохиолдолд ачихгүй гэж мэдээллээ.
Нийслэлд өдөрт дунджаар 18 мянга гаруй иргэн түрээсийн скүүтэр, мопед ашигладаг байна. Тэгвэл зохицуулалт эхэлсэн нэг өдрийн дотор 250 гаруй унааг ачиж, журамлажээ. Журамласан түрээсийн скүүтэр, мопедыг түрээслүүлэгч ААНБ өөрсдөө авах бөгөөд 30 мянган төгрөгийн торгууль, хоногт 3 мянган төгрөгийн нэмэгдэл төлөх юм. Гэвч шийдвэр гаргагчид түрээслүүлэгч ААНБ-уудтай тухайн асуудлаар ямар ч гэрээ хийгээгүй, хоёр хоног хэлэлцсэн ч шийдэлд хүрээгүй гэж мэдээллээ. Нийслэлийн хэмжээнд түрээсийн скүүтэр, мопедын үйлчилгээ эрхлэгч 4 ААНБ үйл ажиллагаа явуулдаг. Тэдний зүгээс хэрэглэгчдийг хянах системийг аппликейшндээ бүрэн нэвтрүүлсний дараагаар тус зохицуулалтыг хэрэгжүүлэхийг хүсэж байна.