Шинэ хичээлийн жилд хувийн хэвшлийн 180 гаруй сургуульд 38 тэрбум төгрөгийн хувьсах зардал олгохоор болсон. Хувийн хэвшлийн дийлэнх сургуулиуд 10-аас дээш сая төгрөгийн төлбөртэй байдаг. Энэ хэмжээний төлбөртэй хувийн сургуулиуд сурагчийн ширээ сандал зэрэг сургуулийн орчинд байх шаардлагатай наад захын хэрэгцээг бүрэн хангасан байдаг нь гарцаагүй. Харин нөгөө талд улсын 30 гаруй сургууль цэцэрлэг ширээ сандалгүй байгаа бөгөөд энэ асуудалд Боловсролын яамнаас анхаарч хөрөнгө оруулалт хийн, сургалтын орчныг сайжруулах шаардлагатай гэж үзэж байна.
Хичээлийн шинэ жил эхлэхэд ердөө 3 хоног үлдсэн энэ үед ширээ сандалгүйгээр сургалтын үйл ажиллагаагаа эхлүүлэх 30 гаруй сургууль цэцэрлэг нийслэлийн хэмжээнд байна. Боловсролын яамнаас өнгөрөгч хавар тендер зарлаж, тоног төхөөрөмж ширээ сандал худалдан авах ёстой байсан ч тендерийг хугацаанд нь зарлаагүй байна. Хэмнэлтийн тухай хуульд зааснаар 06-р сарын 01-ээс өмнө худалдан авах тендер зарлагдаагүй тохиолдолд уг төсвийг татан авах журам үйлчилдэг. Ийнхүү тендерийг хугацаанд нь зарлаж чадаагүйн улмаас 11 тэрбум төгрөгийн санхүүжилт татагдаж, нийслэлийн хэмжээнд 16 сургууль, 20 цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулсан боловч сандал, ширээ, тоног төхөөрөмж зэрэг байхгүй улмаас хүүхдүүдээ хүлээж авч чадахгүй нөхцөл үүсээд байгаа. Хэдийгээр ЗГ-аас тус сургуулиудын ширээ, сандал, тавилга хэрэгсэлд шаардлагатай санхүүжилтийг лизинг, түрээс болон хуульд нийцэх бусад арга замаар шийдвэрлэх эрхийг Боловсролын яаманд олгосон тогтоол гаргасан ч хугацаа хомс байгаа энэ үед амжих эсэх нь эргэлзээтэй байна.
Хүн бүр үнэ төлбөргүй суурь боловсрол эзэмших ёстой. Гэсэн хэдий ч манай улсад боловсролын тэгш байдал алдагдаж ерөнхий боловсрол эзэмшихэд сурагчдын дунд ялгаатай байдал үүсээд нэлээдгүй хугацаа өнгөрч байна. Ийнхүү дээрх жишээнээс харахад Боловсролын яамнаас хувийн хэвшлийн сургуулиудад давуу байдал олгохыг илүүд үзжээ. Хувийн сургуулиудад улсаас их хэмжээний мөнгийг татаас хэлбэрээр олгох нь тэгш бус байдлыг бий болгоход хүргэж байна гэж иргэд хэлж байна. Харин энэхүү төсвийг улсын сургуулиудын сургалтын орчныг сайжруулах багш нарын цалинг нэмэгдүүлэхэд зарцуулах шаардлагатай гэлээ.
Хичээлийн шинэ жил эхлэхтэй зэрэгцэн тус салбарт цөөнгүй маргаан дагуулсан асуудлууд гарч байгаа ч салбарын сайд болоод яамны зүгээс асуудлыг шийдвэрлэх, хариу тайлбар өгөх албан тушаалтан байхгүй байна.