Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд түвшний уулзалт Тяньжин хотноо үргэлжилж байна

АНУ тэргүүтэй Өрнөдийн улс орнуудын тогтоосон дэг журмыг сөрж, өөрийн онцлогийг шингээсэн шинэ тоглоомын дүрэм зохиохоор санаархаж байгаа улс орнууд буюу Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд түвшний уулзалт Хятад улсын Тяньжин хотноо үргэлжилж байна. Геополитикийн хурцадмал байдал, Д.Трампын зарласан “Худалдааны дайн” зэрэг нь олон улсын гадаад бодлогын гол сорилт, удирдагчдын хувьд өндөр мэдрэмж, алсын хараа шаардсан асуудал юм. 

Жил бүр БНХАУ-д Хятад улс, Орос улс тэргүүтэй аюулгүй байдал, эдийн засгийн хамтрал болох  Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалт болдог юм. Өнгөрөгч Ням гарагт Хятад улсын Тяньжин хотод нээлтээ хийсэн өнөө жилийн дээд түвшний уулзалт хоёр хоног үргэлжлэх бөгөөд уулзалтад тус байгууллагын гишүүн болон ажиглагч 20 гаруй улс орны удирдагчид оролцож байна. 

Ням гарагт уулзалтын хүрээнд БНХАУ-ын дарга Ши Жиньпин, БНЭУ-ын Ерөнхий сайд Нарендра Моди нар нүүр тулан уулзсан байна. Тэд хоёр орны харилцааг шат ахиулах, хил дээрх зөрчил маргаантай холбоотой хурцадмал асуудалд цэг тавих хүсэлтэй байгаагаа харилцан илэрхийлжээ. Сүүлийн долоон жилийн хугацаанд анх удаа Хятад улсад айлчилж байгаа Нарендра Моди тус 2 улсын нийт 2.8 тэрбум хүний эрх ашгийг хангахын тулд нягт хамтран ажиллах ёстойг онцлоод БНЭУ-ын зах зээл Хятад улсын хөрөнгө оруулагчдад нээлттэй болохыг тэмдэглэсэн байна. 

Үүний хариуд Ши Жиньпин “Хятад, Энэтхэг хоёр улс өрсөлдөгчид бус, түншүүд юм. Луу болон заан хоёр төгс хоршиж чадвал энэ нь харилцан ашигтай байх нь гарцаагүй” гэж мэдэгджээ. Мөн тэрээр 2020 онд хилийн бүс нутагт болсон зэвсэгт мөргөлдөөний улмаас хоёр орны харилцаа хурцадсан асуудлыг хөндөж, “Хөрш улсууд дээрх бүс нутагт энх тайван, амгалан байдлыг хангахын тулд хамтран ажиллаж, хилийн асуудлыг хоёр орны харилцааны асуудалд хамруулахгүй байх нь хамгийн чухал” гэж хэлжээ. 

Даваа гарагт ШХАБ-ын гишүүн орнуудын удирдагчид дэлхийн өнөөгийн байдал, цаашдын олон талт хамтын ажиллагааны талаар хэлэлцэх юм. Хятад улс энэ боломжийг ашиглан дэлхийн улс орнуудтай барууны ертөнцөөс ангид харилцаа холбоогоо бэхжүүлж, нөлөөллөө баталгаажуулах хүлээлттэй байна. Бээжин АНУ-ыг дунд болон урт хугацааны өрсөлдөгч гэж үздэг бөгөөд АНУ тэргүүтэй олон улсын дэг журмыг эсэргүүцэж, олон туйлт ертөнцийн дэг журмыг тогтоохыг эрмэлзэж байгаа юм.