Өнгөрсөн Бямба гарагт Украины Парламентын дарга асан Андрей Парубий Львов хотод буудуулж амиа алджээ. Украины үндэсний цагдаагийн газраас Андрей Парубий гудамжинд буудуулж нас барсан бөгөөд хэргийн сэжигтнийг саатуулсан гэж мэдээлсэн байна.
Украины Парламентын дарга агсныг 8 удаа буудаж хөнөөсөн бөгөөд хэргийн сэжигтнийг эрэн сурвалжилсны эцэст богино хугацаанд олж саатуулсан байна. Хоол хүргэлтийн компанийн ажилтан шиг хувцаслаж, хар дуулга өмссөн этгээд гал нээсэн гэж хэргийн газарт байсан гэрчүүд хэвлэлд ярьжээ.
Андрей Парубий 2014 онд Оросын талыг баримтлагч Украины засгийн газрыг нураахад хүргэсэн олон нийтийн эсэргүүцлийн жагсаал буюу майданы тэмцлийг эхлүүлсэн нэгэн юм. Тэрээр 2016-2019 онд Украины Парламентын даргаар ажилласан бөгөөд 2019 оноос хойш Украины Ерөнхийлөгч асан Петро Порошенкогийн тэргүүлдэг “Европын эв нэгдэл” хэмээх Орос улсын эсрэг мөрийн хөтөлбөртэй улс төрийн намд харьяалагддаг улс төрч байжээ.
Украины Ерөнхийлөгч Зеленьский уг аллагатай холбогдуулан эмгэнэл илэрхийлсэн ч хүн амины хэрэг нь Украины дайн, Оросын оролцоотой эсэх дээр ямар нэг тайлбар өгөхөөс татгалзсан байна.
Сүүлийн үед Украин улсын улс төр, нийгмийн зүтгэлтнүүдийн амийг хөнөөж байгаа хэргүүд ар араасаа гарч байгаа юм. Тухайлбал өнгөрөгч 7-р сард Киев хотод Украины армийн нисгэгчгүй сөнөөгч онгоцны халдлагыг зохион байгуулагч, Оросын эрчим хүчний дэд бүтцийг онилон олон арван хорлон сүйтгэх ажиллагаа явуулсан Украины албан тушаалтан Пуужингийн цохилтод өртөж амиа алдсан юм.