АНУ-ын тэнгисийн цэргийн олон арван байлдааны хөлөг онгоцнууд Карибын тэнгисийн өмнөд хэсэгт байршаад байна. Үүнтэй холбогдуулан Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро АНУ-ын арми Карибын тэнгист цэргийн хүчээ нэмэгдүүлж байгаа нь түүний засгийн газрыг түлхэн унагах зорилготой төдийгүй хэрэв газар нутагт нь халдан довтолбол зэвсэг барин тэмцэхээ анхааруулжээ.
АНУ-ын Батлан хамгаалах яамнаас Латин Америкийн хар тамхины Картелуудын эсрэг тэмцлийн хүрээнд байлдааны хөлөг онгоцнуудаа Карибын тэнгист байршуулсан гэж тайлбарласан ч Венесуэлийн Ерөнхийлөгч өөр бодолтой байгаа юм. Даваа гарагт Венесуэлийн ерөнхийлөгч Мадуро энх тайвныг эрэлхийлж байгаа ч тус улсын арми АНУ-ын зэвсэгт хүчний аливаа дайралтанд хариу өгөхөд бэлэн байна гэж хэллээ. Тэрээр "Тэд цэрэг арми, зэр зэвсгийн заналхийллээр дэглэмийг өөрчлөх боломжийг эрэлхийлж байна." "Венесуэль сүүлийн 100 жилд манай тивд тохиолдсон хамгийн том аюул заналхийлэлтэй тулгарч байна." гэж мэдэгдлээ.
"Хэрэв Венесуэлд халдлагад өртвөл бид газар нутгаа хамгаалахын тулд нэн даруй зэвсэгт тэмцэлд шилжих болно. Бид гарт тааралдсан бүхнээ барин тэмцэхэд бэлэн байна” гэж Мадуро анхаарууллаа. Венесуэлийн Батлан хамгаалах яамны тооцоолсноор 1200 пуужин тээсэн найман цэргийн хөлөг онгоц, мөн хэд хэдэн шумбагч онгоц Карибын усанд байршсан байгаа юм байна. Тэгвэл одоогоор АНУ-ын тэнгисийн цэргийн 4 хөлөг онгоц, эргийн довтолгооны гурван хөлөг, цөмийн хөдөлгүүртэй нэг шумбагч онгоц, 4000 мянган цэргийн хамт Карибын тэнгисийн усанд байршсан гэж Пентагоны тайлбарт дурджээ. АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трампын засаг захиргаа Мадурог хар тамхины наймаа, бүс нутаг дахь гэмт хэргийн бүлэглэлтэй нягт холбоотой гэж буруутгасан ч нотлох баримт дэлгээгүй байгаа юм.
Өнгөрсөн Даваа гарагт Венесуэлийн гадаад хэргийн сайд тус улс Колумби Боливи улсаас АНУ руу тээвэрлэж байгаа Кокайн болон бусад хар тамхины наймаанд огт хамааралгүй бөгөөд нийлүүлэгчид болон хар тамхины Картелууд мансууруулах бодисынхоо 90 орчим хувийг Номхон далайгаар тээвэрлэдэг гэж НҮБ-ын тайлангаас эш татан мэдээлжээ.