Афганистан улсад болсон газар хөдлөлтийн уршгаар амиа алдсан хүний тоо 800-д хүрчээ 

Өнгөрөгч Ням гаргаас Даваа гарагт шилжих шөнө Афганистаны зүүн хэсэгт болсон 6 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас  800 гаруй хүн амь үрэгджээ. Афганистаны засгийн эрхийг барьж байгаа “Талибан”-ы түр засгийн газраас Кунар мужид болсон байгалийн гамшгийн уршгаар 800 хүн амиа алдаж, 3000 орчим хүн гэмтэж бэртсэн гэж мэдээллээ. 

АНУ-ын геологийн албанаас мэдээлснээр орон нутгийн цагаар оройн 12 цаг орчимд бүртгэгдсэн газар хөдлөлтийн төв цэг нь Афганистаны зүүн хэсгийн Нангахар муж байсан төдийгүй газрын гадаргаас 8 километрийн гүнд газар хөдлөлтийн голомт байжээ. Судлаачид гүехэн газарт газар хөдлөлт бүртгэгдсэн нь хохирлын хэмжээг үлэмж хэмжээгээр нэмэгдүүлсэн гэж хэллээ. 

Аврагчид гамшигт нэрвэгдсэн газруудад нурангид дарагдсан хүмүүсийг эрэн хайж байгаа талаар орон нутгийн хэвлэлүүдээр мэдээлж байна. Мөн цаашид амиа алдсан хүмүүсийн тоо нэмэгдэж магадгүй гэж албаныхан хэлжээ. 

Газар хөдлөлтийн уршгаар алслагдсан бүс нутагт хүрэх зам харгуй нурсан тул шуурхай тусламж хүргэхэд хүндрэл учруулж байгаа юм байна. Мөн гамшгийн бүс нутаг нь уулархаг, төвөөс алслагдсан тул аврах ажиллагаанд саад тотгор учруулж байна гэж мэдээллээ. 

Мөн 2023 онд Афганистаны баруун хэсэгт 6.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас 1400 гаруй хүн амь үрэгджээ.