Өнгөрсөн онд Улсын хэмжээнд 7500 гаруй кибер гэмт хэрэг бүртгэгджээ

Манай улсын кибер аюулгүй байдлын эрсдэл нэмэгдэж, өнгөрсөн онд л гэхэд нийт 7500 гаруй кибер гэмт хэрэг бүртгэгджээ. Тэр дундаа төрийн байгууллага, эрүүл мэндийн салбар хамгийн их халдлагад өртөж, гадаад улсаас 250 сая гаруй удаагийн сэжигтэй хандалт илэрсэн байна. Энэ үзүүлэлтээс харахад манай улсын кибер аюулгүй байдлын түвшин сул гэж үнэлэгджээ. Улмаар кибер аюулгүй байдлыг нэмэгдүүлэх, урьдчилан сэргийлэх олон улсын сайн туршлагаас суралцах боломжтой Ази номхон далайн бүсийн кибер сургуулилт-2025 зохион байгуулагдаж байна. 

Манай улсын серверүүд рүү гадаад улсаас ирсэн сэжигтэй хандалтын тоо өндөр байна. Тухайлбал, ОХУ-аас 128 сая, АНУ-аас 65 сая, БНХАУ-аас 50 сая гаруй халдлагын шинжтэй хандалт илэрчээ. Дэлхийн хэмжээнд ч Монгол улсын кибер хамгаалалтын түвшин сул үнэлэгдсэн байна. Кибер аюулгүй байдлын индексийн судалгаагаар 193 орноос 56 оноогоор 103-т эрэмбэлэгдэж, “Бэхжиж буй” түвшинд тооцогдсон. Энэ нь 2020 оныхтой харьцуулахад 17 байраар урагшилсан ч кибер халдлага, зөрчилтэй тэмцэх чадавх, олон улсын хамтын ажиллагааны үзүүлэлтүүд Азийн дунджаас доогуур байгаа юм. Судалгаанд хамрагдсан төрийн байгууллагуудын 70 орчим хувь нь өөрийн мэдээллийн аюулгүй байдлын эрсдэлийг үнэлдэггүй, 56.7 хувь нь албан ёсны бодлогогүй, 50 орчим хувь нь олон улсын стандарт нэвтрүүлээгүй байгаа нь томоохон сул тал болж байна. 

Манай улсад кибер аюулгүй байдлын эрсдэл нэмэгдсээр байгаа энэ үед олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх "Ази номхон далайн бүсийн кибер сургуулилт-2025" зохион байгуулагдаж байна. Энэхүү сургалтаар бүс нутгийн кибер аюулгүй байдлыг бэхжүүлэх, кибер халдлага, зөрчлийн сүүлийн үеийн чиг хандлага, бодлого төлөвлөлт, хэрэгжилтийг сайжруулах, харилцан туршлага солилцох, кибер аюул занал, эрсдэлийг багасгахын тулд оролцогч орнуудын сайн туршлагыг солилцох, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг бүрдүүлж байгаа юм. "Ази номхон далайн бүсийн кибер сургуулилт-2025"-д төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд бүс нутгийн 26 орны 200 гаруй төлөөлөлтэй хамтран ажиллаж, кибер халдлагын бодит нөхцөлд хэрхэн урьдчилан сэргийлэх, бусад орнуудын сайн туршлагыг харилцан солилцох, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг бүрдүүлж байна гэж оролцогчид үзэж байна. 

Олон улсын кибер аюулгүй байдлын индексээр бид 3-р түвшний улс гэж явдаг. 2020 онд Кибер аюулгүй байдлын үндэсний зөвлөл байгуулж, үндэсний үйлчилгээний стратегиа шинэчилсэн. Ингэснээр кибер аюулгүй байдалтай тэмцэх үйл ажиллагааг хууль сахиулах байгууллагын гол чиг үүрэг болж, дижитал бодлогын лабораторид техникийн туслалцаа үзүүлж, кибер гэмт хэргийг мөрдөн шалгах, шүүхийн ажиллагаанд дэмжлэг үзүүлдэг гэсэн үг. Монгол улсын хувьд бүх шатандаа шинэчлэл хийж, хуулиа чангалах шаардлагатай байна. 

Зөвхөн төрийн байгууллагуудаас гадна кибер халдлагаас сэргийлэхэд иргэдийн оролцоо чухал байна. Тухайлбал, бусдын илгээсэн имэйл, мессеж, холбоос дээр анхааралтай хандаж, хувийн мэдээллээ хамгаалах нь хамгийн чухал. Гар утас, компьютер, программ хангамжийг тогтмол шинэчлэх, баталгаатай нууц үг ашиглах нь халдлагын эрсдэлийг бууруулдаг. Мөн кибер сургуулилт, төрийн болон олон улсын байгууллагын үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг дагаж, зөвлөмжийг мөрдөх нь иргэдийн аюулгүй байдлыг нэмэгдүүлэх нэг арга гэдгийг оролцогчид онцолж байсан юм.