Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль 9-р сарын 10 ны өдрөөс хэрэгжиж эхлэхээр боллоо. Тус хууль хэрэгжиж эхэлснээр иргэд зээлийн онооны системд шилжиж, хар жагсаалт гэх ойлголт үгүй болно. Харин иргэд зээлийн оноонд шилжсэнээр суурь оноо нь 511-ээс эхлэх бөгөөд тухайн оноо нь төлбөрийн чадамжтай эсэхийг нь илэрхийлэх юм байна. Зарим тоон мэдээллийг дэлгэцээр харуулъя.
—2025 оны байдлаар зээлийн мэдээллийн санд 12 банк, 436 банк бус санхүүгийн байгууллагаас зээл авсан 1.6 сая иргэн, 19.6 мянган аж ахуйн нэгжийн зээлийн мэдээлэл хадгалагдаж байна.
—Тэгвэл зээлийн мэдээллийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг өнгөрсөн 5-р сард УИХ-аар баталсан. Энэхүү хууль хэрэгжиж эхэлснээр хар жагсаалтыг халж, зээлийн зэрэглэл тогтоох хууль эрх зүйн орчин бий болж байгаа юм. Өөрөөр хэлбэл, 70 мянган иргэн хар жагсаалтаас гарах эрх зүйн орчин бүрджээ.
—Зээлийн мэдээллийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлт 9-р сарын 10 -ны өдрөөс хэрэгжиж эхэлнэ. Шинэ зохицуулалтаар зээлээ хугацаанд нь төлсөн иргэнийг урамшуулдаг онооны систем рүү шилжиж юм.
—Энэ оноо нь тухайн хүн төлбөрийн чадамжтай гэдгийг илэрхийлж байгаа юм. Харин зээлийн хугацаа хэтрэлттэй, зээлийн муу түүхтэй бол үүнээс арай бага хэмжээний оноотойгоор зэрэглэл нь тогтоогдох ч цаашид нэмэгдэх боломжтой юм байна. Иргэдийн зээлийн дундаж оноо 650 байх бөгөөд, үүнээс дээш байвал зээлийн хүү буурах давуу талтай харин онооны дээд хязгаарыг 999 байхаар тооцоолжээ.
Зээлийн мэдээллийн сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл хэрэгжиж эхэлснээр дараах эерэг өөрчлөлтүүд бий болох юм. Тухайлбал зээлдэгчийн “Хар жагсаалт” гэх санхүүгийн ялыг арилгах, зээлийн хүү, зээлдэгчид тавигдах барьцаа хөрөнгийн шаардлага буурах, санхүүгийн үйлчилгээний хамгийн таатай нөхцөлийг зөвхөн том аж ахуйн нэгж, барьцаа хөрөнгөтэй зээлдэгч хүртдэг тогтолцоог өөрчилж зээлдэгчийн онооны мэдээлэлд тулгуурлаж зөвхөн барьцаа хөрөнгө шаардахгүйгээр уян хатан нөхцөлтэй зээлийг санхүүгийн сахилга баттай иргэдэд олгох нөхцөл бий болох юм.
Харин зээлийн мэдээлэл нийлүүлэгч байгууллагууд 9-р сарын 15-ны өдөр гэхэд мэдээллээ шинэчилж дуусгах юм байна. Онооны систем хэрэгжиж эхэлснээр зээлийн хугацаа хэтрэлтийн асуудал шийдэгдэх бөгөөд иргэд зээлээ хугацаанд нь төлөх тусам онооны зэрэглэл сайжрах зэрэг олон давуу талуудтай юм байна.
Ийнхүү Монголбанк зээлдэгчийн онооны систем болон холбогдох журмыг боловсруулж зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль 9 сарын 10-аас зээлийн мэдээллийн хэрэгжиж эхэлнэ.