Энэ хичээлийн жилд бага ангийн сурагчдад 1,8 сая сурах бичиг дутагдах эрсдэл үүсжээ. Учир нь улсын хэмжээнд сурах бичгийн түгээлтийн тендер санхүүжилтгүй гэх шалтгааны улмаас цуцлагдсан байна. Боловсролын ерөнхий газраас бага ангийн сурах бичиг түгээх эхний удаад 800 сая төгрөгийн тендер зарласан боловч санхүүжилтгүйн улмаас тендер нь 300 сая төгрөг хүртэл буурчээ.
Өнгөрөгч 8 дугаар сард боловсролын ерөнхий газраас улсын хэмжээнд 1-ээс 5-р ангийн сурах бичгийг хүргэх зориулалттай 800 сая төгрөгийн тендер зарласан ч санхүүжилтгүйгээс тендерт шалгарсан байгууллагатай гэрээ хийгээгүй байна. Үүний улмаас улсын хэмжээнд 1 сая 800 мянга гаруй сурах бичиг суралцагчдын гарт очихооргүй болжээ. Харин нийслэлийн зарим сургуулийн хувьд 1-ээс 5-р ангийн сурах бичгийг өнгөрөгч амралтын өдөр хүлээн авч, маргаашаас 1-ээс 5-р ангийн шинэ хэвлэл болон 2022-оос 2024 онд хэвлэгдсэн 6-аас 12-р ангийн сурах бичгийг сурагчдад тараахаар болжээ. Харин 6-аас 12-р ангийн сурах бичгийн шинэ хэвлэл хэзээ ирэх нь тодорхойгүй байна.
2025-2026 оны хичээлийн жилд улсын хэмжээнд нийт 78 мянга гаруй хүүхэд 1-р ангид элсэн суралцахаар байна. Хүүхэд 1 хичээлийн жилд дунджаар 7 хичээл үздэг гэж тооцоолоход 8 сая 400 мянган сурах бичиг шаардлагатай болно. Гэсэн хэдий ч тендер цуцлагдсанаар улсын хэмжээнд 250 мянга гаруй сурагч сурах бичиггүй болж байгаа юм. Сурах бичгийн тендерийн санхүүжилт гацсан шалтгааныг боловсролын ерөнхий газраас тодруулах гэсэн боловч энэ асуудалд тайлбар өгөх боломжгүй гэх тайлбарыг өглөө.
Ерөнхий боловсролын сурах бичгийг санхүүжилтгүйгээс гацаасан байхад Монгол улсын Ерөнхий сайдаас илгээсэн 10 тонн илгээлтийн захидал улс даяар хүргэгдсэн байна. Гэтэл хичээлийн шинэ жил эхэлсэн энэ үед сурах бичиг хүрэлцээгүй, сурагчид хичээлдээ хэрэглэх боломжгүй байгаа нь бодлого хэрэгжүүлэлт дутмаг байгааг харуулж байна. Энэ нь сурагч, багш, эцэг эх, асран хамгаалагчийн боловсролын эрхэд шууд нөлөөлж, сургалтын чанарт сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй юм.