2026 оны улсын төсвийн төслийг хуулийн хугацаанд нь УИХ-д өргөн мэдүүллээ 

Даваа гарагт ЗГ-аас Монгол улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Монгол улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барилаа. Ирэх оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 31.6 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн нийт зарлага 32 их наяд 980 тэрбум төгрөг, төсвийн тэнцэл ДНБ-ий 1.3 хувийн алдагдалтай байхаар төлөвлөжээ. 

2026 оны төсвийн төслийг боловсруулахдаа 186 мянган иргэний саналыг цахим системээр авсны зэрэгцээ төсвийн ерөнхийлөн захирагч бүрээр зохион байгуулсан олон нийтийн хэлэлцүүлэгт танхимаар болон цахимаар 240 мянга орчим хүн оролцож давхардсан тоогоор 8.8 мянган санал гаргажээ. Төсвийн төсөлд  иргэд санал өгөхдөө нийгмийн суурь үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, амьдрах орчны  аюулгүй-найдвартай байдлыг хангах, төсвийн зардлыг бууруулах, татварын ачааллыг багасгаж орлогоо нэмэгдүүлэхийг хүсэж байгаагаа илэрхийлсэн байна. Ийнхүү иргэдийн саналд үндэслэн төсвийн төслийг боловсруулжээ.

Тухайлбал татварын шинэчлэлээр иргэд, аж ахуйн нэгжүүдийн татварын дарамтыг 3-4 их наяд төгрөгөөр бууруулах, эдийн засаг дахь төрийн оролцоог бууруулж, хувийн хэвшлээ дэмжинэ. НӨАТ-ын буцаан олголтыг таван хувь болгож, далд эдийн засгийг хумих, Үндэсний баялгийн санд төвлөрүүлж буй АМНАТ-ийн хувь хэмжээг 65% болгож нэмэгдүүлэх зэргийг төсөлд тусгажээ. 

Мөн эрүүл мэндийн салбарт улсын төсвийн хөрөнгө оруулалт болон гадаадын зээл тусламжаар нийт 1.3 их наяд төгрөгийн санхүүжилт хийгдэх бол нийгмийн даатгалын болон халамжийн тэтгэврийг зургаан хувиар нэмэгдүүлэхэд  378.0 тэрбум төгрөг нэмж хуваарилахаар тусгажээ. Харин иргэдийн татварын ачааллыг бууруулах зорилгоор тэдний 1.0 сая төгрөг хүртэлх худалдан авалтад төлсөн НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлэн 50 хувьд хүргэхээр тооцоолжээ.  Тэгвэл улсын тулгамдсан асуудал болоод байгаа эрчим хүчний салбарт ирэх онд 3.9 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэхээс 373.3 тэрбум төгрөг нь улсын төсвөөс, 351.8 тэрбум нь гадаад зээл тусламжаар, 150 тэрбум төгрөг нь бондын эх үүсвэрээр санхүүжүүлэх юм байна. Энэ салбарт хийгдэх хөрөнгө оруулалтын дийлэнхийг хувийн хэвшил оруулах бөгөөд нийт өртөг нь хоёр их наяд 566 тэрбум төгрөг байна. 2026 оны төсвийн тухай хуультай хамтатган Монгол улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ. Уг хуулийн төсөлд эдийн засгийн бодит өсөлт 2026 онд 5,7 хувь, 2027 онд 6,3 хувь, 2028 онд 6,5 хувь байхаар тооцсон байна.