Мягмар гарагт Орос, Хятад хоёр улсын удирдагч өргөн уудам газар нутгийг хамрах “Сибирийн хүч” 2 хийн хоолойн бүтээн байгуулалтын ажлыг урагшлуулах тухай санамж бичигт гарын үсэг зуржээ. ОХУ-ын төрийн өмчит Газпром компаниас талууд санамж бичигт гарын үсэг зурсан гэж бичсэн ч төслийн ажил хэзээ эхлэх нь тодорхойгүй хэвээр байна.
Арктикийн Ямал дахь байгалийн хийн ордуудаас Монгол улсаар дамжин Хятад улсад хүрэх байгалийн хийн хоолой нь нэг жилд 50 тэрбум шоо метр шатамхай шингэнийг нийлүүлэх хүчин чадалтай байх юм. Энэ нийлүүлэлт нь дэлхийн хамгийн том эрчим хүч хэрэглэгч Хятад улсыг АНУ тэргүүтэй бусад хий олборлогчдоос хэт хамааралтай байдалд орохоос хамгаалах, илүү том боломжийг олгож байна.
БНХАУ-ын дарга Ши Жиньпин, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди нар Хятадад инээмсэглэн гар барьж, мөн Бээжин хотноо Ши-Путины хамтарсан хэлэлцээ, Монголын удирдагчтай хийсэн гурван талт уулзалтын дараа "Газпром" компанийн гүйцэтгэх захирал Алексей Миллер "Сибирийн хүч 2" хийн хоолойн ажлыг бодитоор ажил хэрэг болгохоор тохиролцсон тухай санамж бичгийг зарлалаа.
Оксфордын эрчим хүчний судалгааны хүрээлэнгээс Сибирийн хүч хийн хоолойн төслийг урагшлуулах тухай санамж бичиг нь Хятад улсын хувьд ялалт байсан гэж тайлбарлалаа. Тухайлбал Хятад улс АНУ-ын хориг арга хэмжээг дагаж мөрдөж байгаа дүр эсгэхээ больсон, барууныхан юу гэж бодож байгааг ч тоохоо больсон. Мөн Хятад улс Москваг тусгаарлах барууны шахалтыг эсэргүүцэж чадахаа харуулж байгаа ч В.Путиныг хийн үнээ үлэмж хэмжээгээр хямдруулахыг тулгаж, ёс төдий санамж бичиг байгуулсан гэж судлаачид үзэж байна.
Мэргэжилтнүүд Монгол улсаар дамжуулан тавих хийн хоолойн ажил 20 жилийн турш яригдаж байгаа ч бодитоор ахиц дэвшил гарахгүй байгаа нь эрчим хүчний дэд бүтцийг байгуулахад хэт өндөр өртөгтэй буюу 25 тэрбум ам.доллар шаардагдаж байгаа учраас удааширч байна гэж хэллээ.
Мөн Хятад улсын засгийн газар дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлыг хариуцахгүй гэдгээ илэрхийлсээр байгаагийн зэрэгцээ Бээжин байгалийн хийг орос улс дотооддоо зардаг шиг хямд өртгөөр авах хүсэлтэй байгаа юм.