Өнгөрөгч Мягмар гарагт Индонезийн цагдаа нар тус улсын Бандунг хотод болсон засгийн газрын эсрэг жагсаалыг тараахын тулд нулимс асгаруулагч хий болон резинэн сумтай буу ашигласан гэж өрнөдийн хэвлэлээр мэдээлж байна. Өнгөрсөн долоо хоногт Индонезийн иргэд, олон нийт эрх баригчдынхаа хэрээс хэтэрсэн цалин хангамж, тэтгэмжийг танах, бууруулахыг шаардан эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан юм.
Тус улсын нийслэл Жакарта хотод эхэлсэн жагсаал, орон даяар тарж, өргөн хүрээг хамарсан ч эцэст нь эсэргүүцлийн арга хэмжээ эмх замбараагүй байдалд хөтөлсөн гэж мэдээлж байна. Долоо хоногийн хугацаанд жагсагч болон цагдаа нарын хооронд гарсан мөргөлдөөний уршгаар 10 хүн амиа алдаж, жагсаалын хажуугаар дээрэмчин тонуулчид дэлгүүр, төр захиргааны байрыг тонож байгаа нь нөхцөл байдлыг улам даамжруулжээ.
1998 онд тухайн үеийн Индонезийн оюутны холбоо дарангуйлагч ерөнхийлөгч Сухартог эрх мэдлээс буулгасан эсэргүүцлийн жагсаалд гол үүрэг гүйцэтгэсэн гэж үздэг бөгөөд тус улсын иргэд оюутны холбоодыгоо ардчиллын манлайлагч гэж тодорхойлж, оюутан залуусынхаа уриалгыг дэмжих хандлагатай байдаг аж.
Харин Өнгөрөгч Мягмар гарагт Индонезийн цагдаа нар Бандунг хотод болсон жагсаалыг тараахын тулд анх удаа галт зэвсэг агсаж, жагсагчид руу гал нээсэн байна. Өнгөрөгч Даваа гарагт Индонезийн ерөнхийлөгч Прабово Субианто цагдаа, цэргийнхэн хүчирхийллийн эсрэг хатуу зогсоно гэж анхааруулсны дараа гал нээж эхэлсэн бөгөөд эсэргүүцлийн арга хэмжээ хэдийн хяналтаас гарсныг илтгэж байна.