МУИС-д 20 мянга орчим оюутан суралцаж байгаагаас 510 нь гадаад оюутан байна

Манай улсын их дээд сургуульд суралцаж байгаа гадаад оюутны тоо жилээс жилд нэмэгдсээр байна. МУИС-д л гэхэд энэ хичээлийн жилд 510 гадаад улсын оюутан суралцаж байна. Тэдний нэг нь Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн Ли Юнсо юм. Тэрээр манай улсын ерөнхий боловсролын сургуульд 2 жил суралцан төгссөн бөгөөд өдгөө МУИС-д олон улсын харилцаа мэргэжлээр суралцаж байна.

Монгол улсын их сургуульд нийт 510 гадаад оюутан суралцаж байгаагаас 70 гаруй нь энэ хичээлийн жилд шинээр элсээд байна. Ли Юнсо нь Монгол ээж, Солонгос аавтай бөгөөд анх 2022 онд Монгол улсад ирж, нагац эгчийндээ амьдарч байгаа юм. Тэрээр нийслэлийн 23-р сургуульд 11, 12-р ангид сурч төгссөн. Сургуулиа төгсөөд төрлөх нутагтаа очин их сургуульд сурах төлөвлөгөөтэй байсан ч ахлах ангид суралцаж байхдаа Монгол хэл, бичигт суралцан, улам ихээр сонирхож эхэлснээрээ Монгол улсын их сургуульд элсэх хүсэлтэй болжээ.

Ли Юнсо нь бусад Монгол хүүхдүүдийн адил Монгол хэл, бичиг, нийгмийн ухаан, англи хэлээр элсэлтийн шалгалт өгч тэнцэн, Монгол улсын их сургуульд олон улсын харилцаа мэргэжлээр элсэн суралцаж байна. Түүний хэлснээр, Монгол улс солонгос улстай олон талаар төстэй ч хүмүүсийн хоорондын ойр дотно харилцаа, нэгэндээ чин сэтгэлээсээ ханддаг зан нь илүү таалагддаг байна. Тиймээс тэр сургуулиа төгсөөд Монгол улсад үлдэж, ажиллаж амьдрах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Манай улсад суралцаж байгаа гадаад оюутнуудын тоо жилээс жилд нэмэгдэж байна. Зөвхөн боловсрол эзэмшихээс гадна Ли Юнсо шиг Монгол орны соёл, ахуй амьдралд дасан зохицож, ирээдүйд Монгол улсад ажиллан амьдрах хүсэлтэй оюутнууд олон байгаа юм.