Тэгвэл багш нарын ур чадвар, ажлын ачаалалд нийцүүлсэн цалин хөлсний бүтцийг бий болгох чиг үүрэг бүхий ажлын хэсгийн дүгнэлт гарч, шийдлийг танилцууллаа. Ажлын хэсэгт Сангийн яам, Гэр бүл, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яам болон Боловсролын яам, боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөл багтжээ. Багшийн цалинг нэмэгдүүлэхдээ бүтцийг өөрчлөхөөр тооцсон байна. Өөрөөр хэлбэл, зарим нэмэгдэл цалинг үндсэн цалинд шингээх санал боловсруулжээ.
—Өнөөдрийн байдлаар шинээр ажилд буй ерөнхий боловсролын сургуулийн багш 1 сая 400 мянган төгрөгийн цалин авдаг бол цэцэрлэгийн багш 1 сая 500 мянган төгрөгийн цалин авч байна. Гэсэн ч шинэ багш ойрын 5 жилдээ нэмэгдэл цалин, хөлс авах боломжгүй байна.
—Тиймээс доктор, профессорын нэмэгдэл, ур чадварын нэмэгдэл, кабинетын нэмэгдэл хөлсийг үндсэн цалинд шингээх, гүйцэтгэлийн үнэлгээний урамшууллыг 50 хувиар бууруулж, мөн үндсэн цалинд шингээх саналыг боловсруулжээ.
—Харин анги дүүргэлтийн ачааллыг илүү цагт шилжүүлж нэмэгдэл хөлс тооцох зохицуулалт хийх юм байна.
—Тэгвэл багшийн цалинг нэмэгдүүлэх нь төсөвт тодорхой хэмжээний дарамт учруулах эрсдэлтэй. Ажлын хэсгийн тооцоолсноор багшийн үндсэн цалинг 25 хувиар нэмэгдүүлэхэд цалингийн нийт төсөвт ирэх ачаалал нь 21.7 хувиар өсөх юм байна. Үүнд 556.3 тэрбум төгрөг шаардлагатай. Ингэснээр ерөнхий боловсролын сургуулийн багшийн үндсэн цалин 1 сая 800 мянга, цэцэрлэгийн багшийн цалин 1 сая 900 мянган төгрөг болох боломжтой юм байна.
Боловсролын яамнаас гаргасан багшийн цалинг нэмэгдүүлэх саналын гол заалт нь гүйцэтгэлийн үнэлгээний 50 хувийг хасаж, түүнийг үндсэн цалинд шингээх юм. Ингэснээр илүү бага цалингийн нөхцөлд ажиллаж байгаа нийслэлийн багш нар орон нутгийн багш нартай ижил түвшинд цалин авах боломжтой болохоор төлөвлөжээ. Мөн нэг ангид хэдэн сурагч байхаас үл хамааран багш нар ижил цалин авах зарчим арилж, сурагчийн тооноос шалтгаалан нэмэгдэл цалин тооцогдох байна. Энэ нь багш нарын ажлын бүтээмж, орон нутаг, нийслэлийн ялгаанаас үл хамааран цалин тэгш хуваарилагдах боломжийг бүрдүүлнэ гэж боловсролын яам онцолж байна.
Багш нарын цалин хөлсний бүтцийг бий болгох чиг үүрэг бүхий ажлын хэсгийн дүгнэлтээр багшийн цалинг 25 хувиар нэмэгдүүлэхэд нийт 556.3 тэрбум төгрөгийн төсөв шаардлагатай гэж гарчээ. Гэсэн хэдий ч ерөнхий боловсролын сургуулийн багш нар энэ саналд санал нийлэхгүй байгааг илэрхийлж байна. Багшийн цалин нэмэгдэж байгаа хэдий ч нэмэгдлийг гүйцэтгэлийн үнэлгээний урамшууллаас хасаж үндсэн цалинд шингээснээр эцсийн дүнд багш нарын авах цалин ижил хэмжээнд үлдэнэ. Иймээс багш нарт энэ санал нь бодит үр дүнгүй, цалин үнэн хэрэгтээ нэмэгдэхгүй гэж үзэж байна.
Цалингийн нэмэгдлийн саналыг боловсруулан боловсролын сайд засгийн газарт өргөн барьсан бөгөөд эцсийн шийдвэрийг Улсын их хурал гаргах юм байна.