Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын мөрдөн байцаах албаныхан хууль бус цагаачдыг онилсон томоохон нэгжлэг, баривчилгаа хийсэн байна. Энэ үеэр Жоржиа муж дахь Өмнөд Солонгосын HYUNDAI компанийн үйлдвэрээс 470 гаруй хүнийг саатуулжээ. Цагаачлал, гаалийн хяналтын алба, мөн холбооны мөрдөх товчооны хамтарсан багийнхан HYUNDAI MOTOR компанийн аккумуляторын үйлдвэрт нэгжлэг хийсэн юм байна.
Мөн албаныхан мэдээлэхдээ баривчлагдсан хүмүүсийн зарим нь АНУ-ын хилээр хууль бусаар нэвтэрсэн, тодорхой хэсэг нь визний хөнгөлөлтийн хөтөлбөрөөр орж ирсэн ч ажил хөдөлмөр эрхэлж байсан, бусад нь визний хугацаа хэтрүүлсэн хүмүүс байсан гэжээ. "Wall street journal" сонин албаны хүний хэлснийг иш татсанаар баривчлагдсан хүмүүсийн 300 гаруй нь Өмнөд Солонгосын иргэд байсан байна.
АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп хууль бус цагаачдыг албадан баривчилсан гэж мэдэгдсэн бол Өмнөд Солонгосын засгийн газраас туршлага солилцож байсан ажилчдыг дайчлан баривчилсан явдалд санаа зовниж байгаагаа илэрхийлжээ. Тухайлбал “АНУ-д хөрөнгө оруулалт хийж байгаа Өмнөд Солонгосын компаниудын эдийн засгийн үйл ажиллагаа, иргэдийн эрх ашиг шударга бусаар зөрчигдөж болохгүй” гэж Өмнөд Солонгосын тайлбарт бичжээ.
Өнгөрөгч ням гарагт хоёр улсын засгийн газар хэлэлцсэний үр дүнд Өмнөд Солонгосын 300 гаруй иргэнийг чартер нислэгээр эх оронд нь буцаахаар тохиролцсон байна.