Өнгөрөгч амралтын өдрөөр ОХУ-ын арми дайн эхэлснээс хойших хамгийн том, өргөн хүрээг хамарсан агаарын довтолгоогоо явуулсан юм. Үүнтэй холбогдуулан АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп ОХУ-ын эдийн засгийг онилсон хоёр дахь шатны хориг арга хэмжээгээ авахад бэлэн болсон гэж мэдэгдлээ.
Тэрээр ОХУ-ын эдийн засагт сүйрлийг аюул дагуулах хориг арга хэмжээнд бэлтгэж байна гэж хэлсэн байна. Мөн Д.Трамп "Бүх нөхцөл байдалд" сэтгэл хангалуун бус байгаа бөгөөд гарз хохирол дагуулсан агаарын довтолгоо нь хүн төрөлхтний эсрэг үйлдэж байгаа аймшигтай үйл явдал гэж тайлбарлажээ. Үргэлжлүүлэн тэрээр болж буй үйл явдалд огтхон ч баярлахгүй байгаа төдийгүй асуудлыг шийдэж чадна гэж бодож байгаагаа хэлжээ. Харин сэтгүүлчид АНУ-ын Засгийн газар хоёр дахь шатны арга хэмжээнд бэлэн эсэхийг асуухад Д.Трамп тийм гэж хариуллаа.
Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент мөн Оросын нефтийг худалдан авагчдад чиглэсэн хоёрдогч арга хэмжээ зэрэг хатуу хориг арга хэмжээ авах нь Оросын эдийн засгийг сүйрүүлж, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг хэлэлцээрийн ширээнд суулгах нь гарцаагүй гэж мэдэгдсэн юм. Мөн Скотт Бессэнт АНУ Орост үзүүлэх дарамт шахалтыг нэмэгдүүлэхэд бэлэн байгаа ч Европын түншүүд Вашингтоны санаачилгыг дагах хэрэгтэй” гэж сануулжээ.
Өнгөрсөн сард Оросын нефтийг үргэлжлүүлэн худалдаж авснаас болж Энэтхэгт 50 хувийн татвар ногдуулсан Д.Трамп дайныг хурдан дуусгах амлалтаа биелүүлэхийн төлөө тэмцэж байгаа. Ингэхийн тулд тэрээр Москваг онилсон дарамт шахалтаа эрчимжүүлнэ гэж удаа дараа анхааруулж, заналхийлж байгаа юм.
Гэхдээ дипломат дарамт, эдийн засгийн хоригийг үл хамааран талууд энх тайвны гэрээ байгуулахад ахиц дэвшил багатай байгаа бөгөөд Москва, Киев хоёр гол асуудлаар бие биеэсээ хол зайтай, харилцан нэгнээ бөмбөгдсөөр байна.