Ирэх жил тэтгэврийн хэмжээг 6 хувиар нэмэгдүүлнэ

Тэтгэврийн хэмжээг инфляцтай уялдуулан жил бүр 6 хувиар нэмэгдүүлэх шийдвэрийг ЗГ-аас гаргасан. Улмаар ирэх жилийн төсвийн төсөлд тэтгэврийг 6 хувиар нэмэгдүүлэхээр тусгажээ. Гэвч хэрэглээний барааны үнэ өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа энэ цаг үед тэтгэврийн нэмэгдэл нь ахмадуудын амьжиргааны наад захын хэрэгцээг хангахад хүрэлцэхгүй байгаа талаар хэлж байна. Тиймээс тэтгэврийн нэмэгдлийг инфляцын бодит түвшинтэй уялдуулах нь зүйтэй гэж үзэж байна.

—Өнгөрсөн 1-р сараас эхлэн бүрэн тэтгэврийн доод хэмжээ 689 мянга, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ 572 мянга 400 төгрөг болж нэмэгдсэн. Гэсэн хэдий ч үнийн өсөлт өндөр байгаа энэ цаг үед ахмад настнуудад санхүүгийн бодитой өөрчлөлт болоогүй байна.
—Тэгвэл ирэх жилийн улсын төсөвт 2 их наяд 517 тэрбум төгрөгийг зөвхөн халамжийн зардалд зарцуулахаар хуваарилжээ. Үүнээс халамжийн тэтгэвэрт 335 тэрбум төгрөг хуваарилагдаж байна.
Энэхүү мөнгөн дүн нь Нийгмийн халамжийн тухай хуульд зааснаар хөдөлмөрийн чадвараа 50 ба түүнээс дээш хувиар алдсан, 16 насанд хүрсэн хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмад настны тэтгэвэр зэрэгт зарцуулагдах юм.
 –Хэрэв ирэх жил ахмад настны тэтгэврийн хэмжээг 6 хувиар нэмбэл бүрэн тэтгэврийн доод хэмжээ 730 мянга 430 төгрөг болох бол хувь тэнцүүлсэн тэтгэврийн хэмжээ 606 мянган төгрөгт хүрэх юм. Цаашид энэ жишгээр тэтгэврийн хэмжээ нэмэгдэнэ гэж тооцоолбол 5 жилийн дараа ч хамгийн бага хувиар тэтгэвэр авдаг иргэн 1 сая төгрөг хүрэхгүй буюу ердөө 922 мянган төгрөгийн тэтгэвэр авахаар тооцоологдож байна.

Манай улсад 2025 оны байдлаар 506 орчим мянган иргэн тэтгэвэр авдаг гэх статистик мэдээлэл бий. Эдгээр иргэдийн 50-иас дээш хувь тэтгэврийн доод хэмжээ буюу 689 мянган төгрөгийн тэтгэвэртэй. Тэгвэл ирэх оны төсвийн төсөлд тэтгэвэр тэтгэмжийн хэмжээг инфляцтай уядуулан 6 хувиар нэмэгдүүлнэ гэж тусгасан байна. Харин ахмад настнуудын зүгээс тэтгэврийн хэмжээг инфляцын түвшинтэй уялдуулан нэмэх шаардлагатай гэж үзэж байна. Учир нь өдрөөс өдөрт өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж инфляцын түвшин дээшилж байгаа энэ цаг үед тэдний тэтгэвэр наад захын хэрэгцээгээ хангаж чадахгүйд хүрчээ. Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлж байгаа нь сайшаалтай ч хувь тэнцүүлсэн тэнцүүлэн тэтгэвэр тогтоолгосон иргэд болоод тэтгэврийн доод хэмжээнд огт өөрчлөлт мэдэгддэггүй гэсэн юм.

Ахмад настнууд улсад 20 гаруй жил татвар шимтгэлээ төлсний эцэст улсаас нэг сая хүрэхгүй төгрөгийг тэтгэвэр болгон авдаг нь шүүмжлэл дагуулсаар ирсэн бөгөөд ирэх Лхагва гарагт ахмад настнууд тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэхийг шаардан жагсаал зохион байгуулахаар товложээ.